М.Наранмандах: Өөрийнхөө бие организмыг МЭДРЭХ нь чухал

zagvar-omsogch-naranmandah-03
Загвар өмсөгч М.Наранмандах

“Сонин сэтгүүл болон реклам сурталчилгаа, сошиал ертөнцийн одууд туранхай, өө сэвгүй бие хаатай байх юм…” хэмээн өөрсдийн биеийг тэдэнтэй харьцуулж, зураг харан САНААШИРЧ сууна уу. Тэгвэл сайхан бүхний ард, зогсошгүй ХӨДӨЛМӨР нуугдаж байдаг гэдгийг сануулъя.

Энэ удаад гоолиг бие, гоо төрхийг өдөр тутмын амьдралын зөв хэвшлээрээ бүтээсэн, Загварын салбарт гялтганаж яваа Модель М.Наранмандах бүсгүйг урилаа. Түүний эрүүл амьдралын хэв маяг, эрүүл чийрэг биеийн “НУУЦ”-аас охид, эмэгтэйчүүд маань үлгэр авах биз ээ. Хүлээн авна уу.

Naranmandakh

Нэр: Мэндбаяр овогтой Наранмандах

Эрхэлдэг ажил: Модель, “Make-up” артист, Тайзны алхааны багш

Сошиал хуудсууд:

FB: Naranmandakh Мendbayr,

IG: narkhan77

Хэлэх дуртай үг: Мэдлэг, мэдээллээр үргэлж цанга…

Бидний урилгыг найрсаг хүлээн авсан танд баярлалаа. Өдрийн мэнд хүргэе.

Баярлалаа. Энэ сайтын уншигчдад болон, танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчидтайгаа өөрийн үзэл бодол болон өнөөдрийг хүртэл олж авсан зөвлөгөө, туршлагаасаа хуваалцах гэж буйдаа тун таатай байна.

Өглөө хэдэн цагт босдог вэ? Шинэ өглөөг хэрхэн эхлүүлж байна?

Миний хувьд шинэ өглөө 7 цагт эхэлдэг. Босоод хамгийн түрүүнд хоёр аяга бүлээн УС ууна. Үүний дараа өглөөний цайгаа уучихаад, хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд шууд ”Gym”-рүүгээ явдаг. Орой унтах бүртээ маргааш өглөөг тэсэн ядан хүлээдэг гэх үү /инээв/. Шинэ өглөөг эрч хүчтэй, аз жаргалтай эхлүүлэхийг хүсдэг дээ.

М.Наранмандахтай хэмээх бүсгүйтэй дотно танилцъя. Томоохон загварын шоу, тэмцээн уралдаанд тантай цөөнгүй таарч байсан?

Миний хувьд Улсын тэргүүний 13-р дунд сургуулийг төгсөөд, МУИС-ийн Бизнесийн сургуульд “Үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлээр Бакалаврын зэргээ хамгаалсан. 2018 онд СЭЗИС-д “Бизнесийн удирдлага” мэргэжлээр суралцаж Магистр хамгаалсан юм.  “Шилмэл загвар” агентлагаас 15 настай охин загварын гараагаа эхлүүлж байлаа. Түүнээс хойш одоог хүртэл энэ салбартаа ажиллаж байна. Энэ хугацаанд Азидаа дээгүүрт бичигддэг “Asian super model” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон.

Мөн “Гоёл 2015” наадмын “Дэд байр”-ын шагнал, “Хаврын гоёл 2015” наадмаас “Шилдэг загвар өмсөгч”-ийн шагнал хүртэж байсан. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сард Испанийн Мадрид хотноо болсон “The Guinness world records” арга хэмжээнд  “Uilen Couture” брэндийн дизайнер Б.Золзаяа болон Топ модель О.Пүрэвдулам, Н.Сарнай, Мисс  Д.Долгион, загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ болон миний бие улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирсэн шүү. Түүнчлэн “Оюутны аварга шалгаруулах 2018” Бодиболдингийн тэмцээний “бикини” төрөлд Хүрэл медаль хүртсэн. Одоогоор Монголын дизайнеруудын бие даасан шоу тоглолт, арга хэмжээнүүдэд бэлдээд тун завгүй явна.

~Өөрийнхөө бие организмыг МЭДРЭХ нь чухал~

Сүүлийн үед охид, эмэгтэйчүүд туранхай байхын төлөө хошуурах болж. Туранхай байх, галбирлаг байх гэдэг ойлголтын ялгааг хэлж өгөөч?

Тийм. Саяхан нэг хүний бичсэн зүйл анхаарал татсан. Үүнд: Монголын эрт дээр үеийн хацар гоо бүсгүйчүүд, хатад тухайн үедээ хэзээ ч ТУРАХ юмсан гэсэн яриа, ойлголт огт байгаагүй аж.

Гэтэл өнөө цагт эмэгтэйчүүдийн амнаас үргэлж л ТУРАХ юмсан гэсэн яриа түгээмэл байна гэж харьцуулсан байна лээ.

Өөрөөр хэлбэл турж, өлсөж үхэх юмсан гэсэнтэй утга адил, амны билэггүй сонсогдож буйг хатуу хэлсэн байна лээ.

Миний бодлоор ТУРАНХАЙ гэх ойлголт нь биеийн жин багатай харин галбирлаг гэх ойлголт нь хэвийн биеийн жинтэй, биеийн зөв харьцаатай байхыг хэлэх байх.

Спортлог, эрүүл чийрэг, хэвийн жинтэй байгаа нь амьдралын зөв хэвшил, зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөр бүтээсэн өөрийн тань БИЕ байх болов уу.

 

Тэгвэл эрүүлээр жингээ хэрхэн хасах болон хадгалах вэ. Таны мөрддөг дэглэм?

Миний хувьд өдөр бүр нэгээс хоёр цаг хүнд бөгөөд хөнгөн дасгал хийдэг. Гэхдээ энэ нь заавал зааланд очоод хөлсөө гаргах бус ойр зуур эрчимтэй алхах, хоол идсэний дараа гэрээ цэвэрлэх, гэр болон ажил руугаа шатаар алхах гэх мэт жижиг зүйлсээс эхлүүлдэг.

Энэ мэтчилэн өдөр тутамдаа хийх боломжтой маш олон дасгалууд байдаг юм шүү. Фитнесс дээр очих боломжгүй үедээ гэртээ “YOUTUBE” сайтаас кардио дасгал харах мөн төхөөрөмжгүй үед хийж болох дасгалуудыг 30 минутын идэвхтэй хөдөлгөөн болгон хийдэг. Түүнээс гадна өөрийнхөө бие организмыг сайтар мэдрэх нь чухал байдаг. Жишээлбэл өнөөдөр хүнд хооллосон бол маргааш өглөөнөөс эхлээд хөнгөн хооллох, ачаалалтай ажиллаж ядарсан бол маргааш нь гүйх, алхах, иог хийх, усанд сэлэх зэрэг хөнгөн дасгалуудыг хийх хэрэгтэй. Энэ нь биеийнхээ тэнцвэртэй байдлыг хадгалж буйн хэрэг юм. Охид, бүсгүйчүүд маань үүнийг хэрэгжүүлж өөртэйгөө ажиллаад сурчихвал их амар байдаг.

Таны хувьд цахим хуудсуудыг хэрхэн ашиглаж байна?

Цахим хуудсуудыг мэдээлэл цуглуулах байдлаар ашигладаг. Жишээ нь инстаграмд гаднын фитнесс тамирчдыг ихээр дагадаг. Тэдний хооллолт, дасгал хөдөлгөөний техник зэргээс суралцах зүйл их. Өөрт ашиггүй мэдээлэл харж суухаар зөв үлгэр дуурайл үзүүлэх хүмүүсээр өөрийн хуудсаа дүүргэхийг хичээдэг дээ.

Төрсний дараа хэвийн жиндээ хэрхэн очих уу. Хамгийн чухал нь юу бол. Энэ асуултыг их тавьдаг байх?

Төрсний дараах жингийн асуудал яахын аргагүй толгой өвтгөдөг. Миний хувьд төрөөд шууд л гэдэсний даруулга зүүсэн. Энэ нь ч сунасан арьс татрахад их нөлөөлсөн. Гэхдээ хэвлий хэсгээрээ чанга байсан нь давхар нөлөөлсөн байх.

Дөнгөж төрсөн эмэгтэйчүүддээ зөвлөхөд аль болох нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, бүлээн ус ойр ойр уух нь чухал. Гэдсийг тэр чигт нь татах өргөн бүс, гэдэсний даруулга зүүх нь үр дүнтэй.

Мэдээж бие тань тэнхрээд ядрахгүй байвал бага багаар гэдэс, өгзөгний дасгалуудыг багаас их тооруу ахиулан хийх хэрэгтэй. Гэхдээ нэг дасгалыг удаан хийвэл үр дүн бага. “Youtube”-д маш олон дасгал хөдөлгөөний хичээлүүд бий тэндээс санаа авч хийж болно. Ингээд өдөр бүрийн 20-30 минутыг өөртөө гаргахад л гайхалтай үр дүнд хүрнэ.

Өглөөнөөс эхлээд орой хүртэлх хоолны дэглэм, хооллолт хоорондын цагийн хуваарь?

Өглөө 07:30- 09:00 цагийн хооронд өглөөний цайгаа уудаг. Ингэхдээ сүүтэй овьёос эсвэл шарсан талх өндөгтэй идэх, заримдаа арвайн гурил шар тос, зөгийн бал юм уу бор сахартай зуурч иддэг. Өглөөнийхөө цайг цадтал ууж энерги, эрч хүч ээ авдаг.

Өдөр 13:00-14:30 цагийн хооронд хооллоно. Энгийн үед хүссэн хоолоо иддэг бөгөөд тоглолт, зураг авалттай үеүдэд нүүрс ус бага, уураг ихтэй хоол иддэг. Хажуугаар нь махан хоолыг шингээж, задлах ногооны салат иднэ.

Орой шөл эсвэл тараг уух зэргээр хооллочихдог. Оройд бага хоол идвэл шөнө нь сайн амарч өглөө сэргэг, гоё сэрдэг шүү.

Загварын бүсгүй түүнчлэн бодибилдингээр хичээллэдэг тамирчин хүний амьдралын хэвшил биднээс арай өөр байх. Илүү их хугацааг фитнесст өнгөрүүлдэг байх?

Тийм ээ. Моделиуд дундаасаа бодибилдингтэй хамгийн ойрхон байдаг нь гэж хэлж болно. Загвар өмсөгчид өөрт тохирсон дасгал, хөдөлгөөн хийдэг, тэднийг бодвол би арай хүнд жингийн тамирчин гэх үү дээ /инээв/. Гэхдээ мэргэжлийн тамирчин бол биш ээ. Цаг, зав гарвал дахин тэмцээнд өөрийгөө сорих чин хүсэл бий.

Эмэгтэй хүн бүр арьс арчилгааны тал дээр бяцхан туршлагатай байдаг. Эрүүл толигор арьстай байхын нууцаасаа хуваалцаач?

Бүсгүйчүүд маань арьс арчилгаандаа хамгийн сайн гэснийг л хэрэглэж байгаа харагддаг.

Сайн бүтээгдэхүүн чухал ч гэлээ дотроосоо идэж, ууж буй хоол хүнсийг орхигдуулж болохгүй. Миний хувьд холимог төрлийн арьстай.

Арьс арчилгаандаа “Estee lauder”- ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байна. Долоо хоногт гурван удаа мөсөөр нүүрээ арчдаг. Ингэхдээ бүлээн усанд зөгийн бал, лимоны шүүс дусаагаад хөлдөөчихдөг. Нүх агшааж, арьс чангаруулахад үр дүнтэй.

Загварын бүсгүйчүүд олны нүдэнд ил байж, гоо сайхан байдлаараа бусдад үлгэрлэдэг. Эмэгтэй хүн биеэ зөв авч явах талаар?

Эмэгтэй, эрэгтэй гэлтгүй бүгд гэрээсээ гараад л нийгмийн харилцаанд ордог. Чадах хэмжээгээрээ соёлч байдлыг эрхэмлэн, боловсон байгаасай гэж хүсдэг. Жишээ нь ямар үед юу ярих, хаана хэрхэн хувцаслах, гэхчлэн мэдрэмжтэй байгаасай. Миний хувьд өөрийгөө дан ганц Модель биш олон талаас нь нээж харуулахыг хичээдэг. Бусдад урам өгөх, эерэг энерги түгээхийг хүсдэг маань бас нэг “биеэ зөв авч явах”-ыг хичээж буйн илрэл болох байх.

Өөртөө зохицсон, яг л хэрэгтэй хэдэн хувцастай, цомхон хэрэглээтэй байх нь орчин цагт чухал юм шиг?

“Минимал” амьдралын тухай лекцэнд саяхан суусан. Бас л сонирхолтой санагдсан. Ер нь би туйлшрах дургүй хүн. Нэг зүйлд хэт баригдах дургүй. Тэнцвэртэй байдлыг л илүүд үздэг

Олон төрлийн хувцас амилуулж, түүнийгээ олон нийтэд түгээдэг нь таны ажил. Гоо сайхан гэх ойлголтод “дотуур хувцас” ямар нөлөөтэй бол?

Эмэгтэй хүн өөрөө өөрийгөө, хамгийн сайхнаар мэдрэх боломжийг олгодог ганц хувцас нь ДОТУУР ХУВЦАС гэж боддог. Өөртөө итгэх итгэл, эрхэмсэг дүр төрхийг илүү нэмэгдүүлдэг. Хамгийн гайхалтай хувцас л гэж хэлье даа.

Өөрийг тань илэрхийлэх эсвэл ямар нэг мэдрэмж өгдөг үнэртэн ээ нэрлээч гэвэл?

“JOUR D’HERMES” нь  нууцлаг, ихэмсэг мэдрэмж төрүүлдэг. Харин “MISS DIOR LE PARFUM” нь эрч хүчтэй, дайчин болсон мэт мэдрэмж төрүүлдэг. Хамгийн дуртай нь энэ хоёр.

Танд ямар нэг цуглуулга эсвэл хобби бий юу?

Үнэртэн цуглуулах дуртай. Мөн өсгийтэй гуталд хоббитой.

Таны биеийн хамгийн дуртай хэсэг юу вэ?

Эхээс төрсөн энэ биеийнхээ бүх зүйлд сэтгэл хангалуун байдаг. Түүнээс онцолбол өгзөг, бэлхүүс хэсэг ээ гэж хэлнэ.

Жил бүр загварт “ГОЁЛ” наадам хүлээлт үүсгэдэг. Таны хувьд наадмын бас нэгэн өвөрмөц төрх, бэлтгэл ажилдаа орчихсон уу?

Тийм ээ. “Гоёл” наадмаа жил бүр хүлээж, сайтар бэлдэж оролцохыг хичээдэг.

Намайг тоссон хамгийн АНХНЫ бөгөөд хамгийн ТОМ тайз байсан. Одоо ч сэтгэл догдлон хүлээж сууна.

Урилга хүлээн авч, өөрийн эрүүл, зөв амьдралын хэв маягаас эмэгтэйчүүдэд зөвлөмж өгсөн сайхан бүсгүйдээ баярлалаа. Танд амжилт хүсье.

Баярлалаа.

Б.Хонгорсайхан