ОХУ-ын алслагдсан Чукоткагийн автономит мужийн нисэх онгоцны буудалд мягмар гаригт “МИ-8” цэргийн нисдэг тэрэг осолдож, зорчиж явсан дөрвөн хүн бүгд нас барсан талаар төрийн мэдлийн “TASS” агентлаг мэдээллээ.

Чукотка мужийн захирагч Роман Копины мэдэгдсэнээр нас барсан дөрвөн зорчигч бүгд цэргийн алба хаагч байсан бөгөөд тэдний гурав нь нисэх багийн гишүүн, нэг нь техникч байжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам болон бусад албаны эх сурвалжийн мэдээлснээр нисдэг тэргэнд техникийн засвар үйлчилгээ хийсний дараа туршилтын нислэг үйлдэж байх үеэр техникийн саатал гарч сүйрэл болсон гэж үзэж байгаа аж. Оросын Агаарын сансрын хүчний командлалаас шалгалтын комисс томилж, ослын газар руу илгээсэн байна.

ОХУ-д сүүлийн долоо хоногийн дотор хоёр ч “МИ-8” нисдэг тэрэг осолдсон харамсалтай явдал гараад байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч мягмар гаригт буюу тавдугаар сарын 19-нд нийслэл Москва хотоос 20 километрийн ойролцоо мөн цэргийн “МИ-8” нисдэг тэрэг осолдож, зорчиж явсан гурван цэргийн алба хаагч амь эрсэдсэн юм. Тухайн үед ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн техникийн шалтгаанаас болж нисдэг тэрэг осолдсон гэж мэдээлж байв. Үүнээс өмнө тавдугаар сарын 7-нд Крымд мөн цэргийн “МИ-35” нисдэг тэрэг осолдож, нэг алба хаагч нас барсан харамсалтай явдал гараад байсан юм.

ЗХУ-ын үед буюу 1967 онд “МИ-8” нисдэг тэрэг цэргийн зориулалтаар нийлүүлэгдэж байсан юм. Иргэний нисэхийн чиглэлд ч ашиглагддаг энэхүү нисдэг тэргийг ОХУ-ын үед ч үргэлжлүүлэн шинэчлэн үйлдвэрлэсээр байгаа юм. ТАСС агентлагийн мэдээлснээр 1965 оноос хойш 12000 гаруй ширхэг “МИ-8” нисдэг тэрэг үйлдвэрлэгдэж, дэлхийн 100 гаруй оронд нийлүүлжээ.

Эх сурвалж: TASS

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу