Цонжин болдог дахь мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдах бол орой нь ардын урлагийн тоглолт, Улаанбаатар чуулга, Харанга, Харангын Лхагва, Жонон, Хурд, Нисванис хамтлаг, Булсара, Аравт, The Hu, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom, Rapper Gee, Rapper desant, Rapper NMN, Gang, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой.
Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчид мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцоно. Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой ажээ.
Мото спорт сонирхогчид холбоо болон нэгдэж Тээврийн цагдаагийн албатай хамтран ажилласнаар мотоциклын осолд өртөх иргэдийн тоо тогтмол буурч байна. Учир нь тэд замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг байна.
Тус наадмыг Монголын чопперчин ахан дүүс ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж байна.