У.Эрхбаяр: Залуус бид сайхан амьдрахыг мөрөөдөж байна

1239
Hotlogch-erhbayar
Монгол HD телевизийн хөтлөгч У.Эрхбаяр

Нэгэн бяцхан хүү орой бүр унтахынхаа өмнө өөрийгөө олны танил мундаг хөтлөгч болсон мэтээр төсөөлж, зөгнөн мөрөөддөг байжээ. Тэрээр цаашлаад орой бүрийг ямар нэгэн алдартай хүнээр төсөөлж байж л нойр нь хүрдэг болж.

Харин өнөөдөр өнөөх бяцхан хүүгийн мөрөөдөл биеллээ олжээ. Тэр бол Монгол HD телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгч Уламнэмэхийн Эрхбаяр юм. Айл гэр бүлийн хойморт өглөө бүр мишээл тодотгон мэндэлдэг тэр нэгэн залуутай ярилцсан юм.

-Таныг сэтгүүлч, хөтлөгчөөр нь хүмүүс мэднэ. Тэр дундаа Монгол HD телевизийн “Өнөө өглөө” нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь сайн мэднэ. Харин хувь хүн талаас нь төдийлөн сайн мэдэхгүй байх. Уншигчиддаа өөрийгөө товчхон танилцуулахгүй юу.

-Намайг Уламнэмэхийн Эрхбаяр гэдэг. Би Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүн хараа хотод төрж өссөн. Зүүн хараа хотод миний бүхий л хүүхэд нас маань өнгөрсөн. Би гурван эрэгтэй дүүтэй, айлын том хүү. Манай ээж дөрвөн сайхан залуугийн ээж, дархан бэр шүү дээ. Харин аав маань одоогоос 5 жилийн өмнө бурхан болсон юм.

-Та аав, ээжийн эрх хүү байсан бололтой. Нэрээс нь ингэж санагдлаа ?

-Айлын том ч гэсэн би эрх хүүхэд байсан. Би аав, ээжээсээ яагаад намайг Эрхбаяр гэж нэрлэсэн юм бэ гэж асуусан. Гэтэл аав маань хариулж билээ. “Аав ээждээ үргэлж эрхэлж бай, баяр баяслыг авчирч бай” гэдэг утгатай юм гэж тайлбарлаж байсан. Тэгээд л Эрхбаяр гэж нэр өгсөн юм байна лээ.

-Гурван эрэгтэй дүүгийн ах байна гэдэг бас маш их хариуцлага шүү. Аавыг орлож аав болно гэдэг бол их хэцүү шүү дээ ?

-Ааваасаа би бүх зүйлийг л асууж, лавлаж, хэлэлцэж ярилцаж бүх шийдвэрийг хамтдаа гаргадаг байсан. Ямар сургуульд сурах уу, ямар мэргэжилтэй болох, төгсөөд хаана ажиллах вэ гэдгээ хүртэл ааваасаа асууна. Бүх л асуудлыг хамтдаа шийдвэрлэдэг байсан. Нэг л өдөр хорвоогийн жамаар аав минь байхгүй болох тэр үед надад амьдралын хамгийн хэцүү үе байсан. Тэр үед хамтдаа шийдвэр гаргах хүнгүй болж, хэнтэй асуудлаа ярилцаж, хуваалцахаа мэдэхээ больж маш их хэцүү байсан. Би ээж гэхээсээ илүүтэй аавтайгаа чухал зүйлүүдийг дандаа зөвлөлддөг байсан. Шийдвэр гаргахад хэцүү байх тэр үед миний доор гурван эрэгтэй дүү байгаа шүү дээ гэж бодохоор хатуужилтай байхаас гадна асар том хариуцлага өмнө минь байгааг би ухаарсан юм.

~Залуус бид сайхан амьдрахыг мөрөөдөж байна~

Би ээжийгээ мэдээж халамжилна цаашлаад гурван эрэгтэй дүүдээ үлгэр дууриал болох ёстой. Тийм ч учраас миний хувьд энэ амьдралд алдаж болохгүй юм байна шүү гэдэг бодол шууд төрж ирсэн. Тиймдээ ч буруу тэмүүлэл, буруу замд, буруу үйлдэлд хөтлөгдөж явж байгаагүй. Өнөөдрийг хүртэл манай дүү нар миний үгээр. Ах юу гэж хэлнэ тэр үгээр. Ахынхаа үгэнд маш сайн орно. Тэр бүхэнд нь би бас дүү нартаа баярлаж явдаг. Би дотроо үргэлж боддог аав маань дээрээс байнга хардаг байхдаа. Хүү нь 3 дүүгээ ээжийгээ маш сайн харж байгаа. Тийм ч учраас амьдрал улам л сайхан болно Сайхан болгохын төлөө хөдөлмөрлөж байгаа гэж дотроо өөрөө өөртэйгөө ярилцдаг.

Сэтгүүлзүй гэдэг их айлд хөл тавьж байсан түүхээсээ хуваалцаач ?

-Би сэтгүүлч мэргэжлээр Зохиомж дээд сургуулийг төгссөн. Анх “Миний Монгол FM-103.5”-ийн хөтлөгчөөр гараагаа эхэлж байсан. 2007 онд 10 жилээ төгсөөд удаагүй байтал ээж маань санал болгож ажил хийж үз гээд FM-д намайг анх шалгуулж байсан. Тухайн үед шалгуулж байхад би их бөөрөнхий хэлтэй хүүхэд байсан. Дуу хоолойн өнгө нь зүгээр байгаад байдаг хамгийн гол нь их бөөрөнхий хэлтэй. Тэгээд намайг тэнцэхгүй, авахгүй гэх хариунууд л өгч байсан. Ээж маань манай хүүхэд цалингүй ч гэсэн юм хийж үзэг, юм сурах байх оруулаад өгөөч гээд захирлуудаас нь их гуйж хөөцөлдсөний эцэст орж байж билээ. Тухайн үед намайг FM-ийн хөтлөгчөөр авч байсан. Тэгээд л хөтлөгчөөр ажиллаж байхад эрэгтэй, эмэгтэй хөтлөгчийг хамт хөтөлдөг байсан. Би хамгийн бага бичвэртэй нь уншдаг. Ихийг нь нөгөө хөтлөгчдөд өгдөг байсан. Тэр үед бөөрөнхий хэлтэй байсан болохоор маш их бэлдэж хичээж билээ. Ер нь бол өгүүлэх урлаг FM-ийн хөтлөгч болсноос л эхэлсэн. Харин 2012 оноос телевизийн салбар руу орсон. Анх ЭКО телевизэд 3 жил нэвтрүүлэгч, хөтлөгч хийгээд

2015 онд МҮОНРТ-д “Өглөө хөтөлбөр”-ийн хөтлөгчийн сонгон шалгаруулалтад орж байсан. Тэр шалгаруулалтад 30 орчим залуучууд оролцсон юм. Биднийг олон талаас нь шалгана шүү дээ. Өглөө эрт хэн нь сэрэх нь үү, хэн нь туушдаа өглөө болгон ирж чадах нь уу гэх мэтчилэн шалгана. Тэр олон шалгаруулалтаас ганцаараа шалгарч үлдээд МҮОНРТ-ийн эфирээр гарч байсан. МҮОНРТ-ийн “Өглөө хөтөлбөр”-ийн хөтлөгч болоод түүний дараагаас “Монгол HD” телевизийг зорьсон юм. Өглөө хөтөлбөр хөтөлж эхэлснээс хойш ерөөсөө л миний жанр бол өглөө хөтөлбөр юм байна гэж бодсон. Өглөө хөтөлбөр нэг талаараа хүмүүст мэдээлэл өгдөг, нөгөө талаараа өглөө хөтөлбөрийг бэлдэх гэж маш эрт сэрнэ надад ч маш их давуу талтай байсан. Тийм ч утгаараа “Монгол HD” телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийг сонгон одоог хүртэл ажиллаж байна.

-Мэргэжилдээ үнэнч байна гэдэг маш чухал. Анх энэ мэргэжилд нь дурлуулж байсан хүндтэй хүн байдаг байх. Нэг үгээр хэлбэр багш тань таны сэтгэлийн орон зайд хадгалагдаж байдаг байх. Тэр хүнийнхээ талаар яриач ?

-Тэгэлгүй яахав. Телевизийн салбарт дурлуулахад хоёр хүн хүчтэй нөлөөлсөн. Энэ хүн бол UBS телевизийн “Сity news” мэдээний нэвтрүүлэгч Г.Оюунбат юм. Телевиз гэдэг салбарын сайхныг тэр хүн л надад харуулж, мэдрүүлж зааж зөвлөж байсан. Дараагийн хүн бол МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Г.Чулуунбат. Би энэ хүнтэй албан ёсны багш, шавийн барилдлагыг барьсан юм. Энэ хүн бол надад өгүүлэх урлаг болоод 1960-аад оны хөтлөгч нар тухайн үед яаж хөтөлдөг байсан гээд бүхий л зүйлийг түүхтэй нь анхнаас нь зааж сургасан. Одоо ч уулзах болгондоо надад их зөвлөгөө өгч зааж сургадаг. Энэ хоёр хүнийг л би хүндэлж хайрлаж явдаг даа.

HD mongol-hotlogch-erhbayar-02
Нэвтрүүлэгч Г.Оюунбатын хамт

-Сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгч гэсэн мэргэжлийг хүмүүс ойлгохдоо нэг л мэргэжил гэж бодоод байдаг. Эдгээр хүмүүсийг бодлыг та яаж дүгнэж хэлэх вэ ?

-Би бол гурван өөр зүйл гэж ялгана. Сэтгүүлч гэхээр арын албанд маш их үүргийг гүйцэтгэж байдаг хүмүүсийг хэлнэ. Тухайлбал “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгч болоод зочдын мэдээлэл, агуулга чиглэл гэх бүх зүйлүүдийг манай сэтгүүлч нар бэлдэж өгдөг. Харин энэ бүхний урд гарч мэдээллийг хариуцлагатайгаар олонд хүргэхийг хөтлөгч гэнэ. Харин нэвтрүүлэгч гэхээрээ мэдээтэй салшгүй холбоотой. Дуу хоолойгоор мэдээгээ илэрхийлэх чадварт шууд нөлөөлнө. Энэ бүгд тус бүрдээ мэргэшсэн хүмүүс байдаг болохоор нэг гэж бодож болохгүй юм.

-Өнгөрсөн жилийнхээ ололт амжилтаас та дурдахгүй юу ?

-2018 оны хувьд миний хувьд ололт амжилттай маш сайхан жил байлаа. “Зорих зүг” гэдэг нэртэй номоо гаргасан. Анх энэ номыг гаргах болсон шалтгаан нь өгүүлэх урлагтай шууд холбоотой юм. Өгүүлэх урлаг сонирхож байгаагийн хувьд ямар нэгэн бүтээл гаргах нь зүйтэй юм болов уу гэж бодсон. Тэр нь “Зорих зүг” нэртэй сонсдог ном маань юм. Энэ тэндээс өгүүллэг худалдаж аваад бас орчуулгын өгүүллэг гаргадаг компаниудад ч санал тавьж байсан. Би сонсдог ном гаргах гэсэн юмаа гээд олон байгууллагуудад хандсан. Тухайн байгууллагууд маш эелдгээр хүлээж авсан. Харин тэд өөрсдийнхөө бүтээлийг хийж гаргангаа уншсанаар нь Эрхбаяр гээд нэрийг чинь оруулж болно гэж хэлсэн. Тэгээд би ингэж хамтарч байснаас өөрөө сэтгүүлч хүн байна бичиж үзье, оролдоод үзье гэж бодон шийдэж бичиж эхэлсэн. Надад бол хайрын сэдэв илүү ойрхон, гоё санагддаг. Анх “Одоо ч мартаагүй” гэдэг өгүүллэг бичиж байсан. Тэгээд л ундраад олон өгүүллэг бичиж эхэлсэн. Дандаа эерэг гэгээлэг зүйлүүдийг харж бичье гэж зорин “Зорих зүг” гэдэг номоо анх гаргаж байсан.

-Анхны бүтээлээ гаргахад санхүүгийн асуудал тулгарч байв уу ?

-Тэгэлгүй яахав. Мөнгөний асуудалтай тулгарсан. Миний сонсдог номыг хэн сонсох вэ гэж нэлээд их бодсон. Машинтай хүмүүс л хамгийн түрүүнд сонсож дараа нь хуулаад гар утсан дээрээсээ сонсох юм байна гэж бодсон. Тэгээд л машины холбогдолтой компани болох даатгалын компаниудад санал тавьсан. Хамгийн эхлээд “Монре даатгал”-д санал тавьсан. Миний саналыг шууд хүлээж аван 7 хоногтоо бүх л асуудлыг шийдэж бүтээл маань хэвлэгдсэн. Мөн найз нөхөд,ойр дотны хүмүүс гээд олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр хамгийн анхны сонсдог ном маань хийгдэж байсан юм.

-Номынхоо нэрийг яагаад “Зорих зүг” гэж нэрлэсэн бэ ?

-Залуус бидний хүсэл мөрөөдөл бүгд ижилхэн. Бүгд л сайн сайхан амьдрахыг хүсэж мөрөөдөж байна. Тийм ч учраас бидний зорих гэж байгаа зүг маань нэг байг гээд ийм нэр өгсөн юм. Мөн 2018 онд “Клоун ах” компанийн санаачлагаар бага насны хүүхдүүдэд түүхийн мэдлэг олгох зорилгоор “Тэмүүка” комик номын зохиолчоор найз сэтгүүлч Н.Уранзаяатай хамтран эхний цувралыг бичиж дуусгасан. Энэ жил эхний цуврал багачуудын минь гар дээр очно. Мөн 2018 ны 2 сарын 14 нд гэгээн хайрын өдрөөр зохиолч Ц.Гэгээнхүсэл найзын минь “You complete me” номын дуу оруулалтад хамтран ажилласан гэх мэтчилэн олон ололт амжилттайгаар 2019 оноо угтсан даа.

-Тийм байна. Амжилт бүтээл дүүрэн жил өнгөрчээ. Удахгүй нэгэн номын нээлт хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл аль хэдийнээ хүмүүсийн сонорт хүрчээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу.

-Энэ ном бол залуучууд руу чиглэсэн ном юм. Хайр дурлалруу чиглэсэн гэж хэлж болно. Нэр нь хүртэл “Баярлалаа чамдаа” гэсэн нэртэй юм. Хүмүүс хажууд байгаа хайртай бүсгүйдээ, залуудаа хайртай ханьдаа баярлалаа чамдаа гэдэг үгийг тэр болгон хэлээд байдаггүй болов уу. Ер нь бол өнөөдрийг хүртэл амьдралд нь хамт байгаа тэр хүн бол хамгийн үнэ цэнэтэй хүн шүү. Тийм ч учраас хором бүрд, маш жижигхэн зүйлд ч баярлалаа гэдэг үгийг хүмүүс бие биендээ хэлж байгаасаа гэж би хувьдаа их хүсдэг. Өлөө эрт сэрдэг ажилтай хүн байлаа гэж бодоход хоолыг нь бэлдээд өгдөг хань байна, маргааш өмсөх хувцсыг нь өмнөх шөнө нь индүүдээд өгдөг хань байна.Ийм халуун дулаан мэдрэмж авч байгаа тэр эр хүн баярлалаа гэдэг үгийг ханьдаа харамгүй хэлж байгаараа гэж л хэлэх гээд байгаа санаа юм.

-Удахгүй дурлалт хосуудын өдөр болох гэж байна. Энэ номын нээлтийг сонирхож байгаа хосууддаа мэдээлэл хүргэмээр байна. Номын нээлт хаана, хэдэн цагт болох вэ ?

-BLUE mon center-ийн 1-давхарт Norphei Art Gallery-д 2-р сарын 11-ны өдөр 10 цагаас 21 цагийн хооронд болно. Өглөө 10 цагаас ном худалдаалагдах юм. Оройны 19:00 цагт албан ёсны номын нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлт маань хүртэл маш хөнгөхөн болно.Хүмүүс дотор нь ороод хоорондоо юм ярилцаж болно. Тухайн галерейд зургийн үзэсгэлэнг үзэж болно. Хүмүүсийг кафе, ногоон цайгаар дайлна. Баярлалаа чамдаа ном хэрхэн яаж бүтсэн талаар ярилцаж болохоос гадна хосуудад зураг авахуулах хэсэг гаргаж өгсөн байгаа.

-Энэ нээлт ямар нэгэн онцлогтой юу ?

-Хэд хэдэн бэлгүүд байгаа. Хайрын баярыг шоколадгүй төсөөлөхийн аргагүй. Тиймээс баярлалаа чамдаа гэсэн шошготой шокалад “Клоун ах” ХХК гаргаж манай номыг худалдан авсан хүн болгонд дагалдуулж бэлэглэж байгаа. Мөн хайрцаг, савнаасаа авахуулаад бие биендээ дурсгаж бэлэглэхэд нэн тохиромжтой байгаа юм.

-Зөвхөн хосуудад зориулагдсан ном уу ?

-Үгүй еээ. Зөвхөн хосуудын ном гэж ойлгож болохгүй. Ганц бие хүмүүс ч бас авах боломжтой. Та ирээдүйд мэдээж хосоо, хань ижлээ олно. Бид нар ярьдаг ш дээ эморох гээд тэгвэл эморохыг хүссэн хүн бүрт энэ ном нээлттэй гэж би жич хэлмээр байгаа юм.

-Энэ сонсдог номыг цаашид гаргасаар байх уу. Дараа дараагийн ажлын төлөвлөгөөнөөс хуваалцвал ?

-Би өглөө хөтөлбөртөө маш их хайртай. Өглөө эрт босож ажлаа амжуулдаг, маш олон хүмүүстэй ярилцдаг, мэдээлэл солилцдог. Эндээс аз жаргал кайфыг мэдэрдэг. Тийм ч учраас би эндээс холдохгүй. Харин үүний хажуугаар сонсдог ном бичих маш их сонирхолтой. Дараа дараа гарах номуудыг би төлөвлөсөн байгаа. Зорих зүг ном маань 1000 ширхэг хэвлэгдээд 2,3 сарын дотор худалдагдсан. Хүмүүсээс буцаад маш гоё сэтгэгдлүүд ирсэн. Хол замд явахад хүртэл үр өгөөжтэй эерэг энгийн зүйлүүдийн өгдөг маш сайхан зүйл байна хэмээн хүмүүс таалагдаж байгаагаа илэрхийлсэн. Тэдгээр хүмүүсээс урамшаад урмын үгс аван цааш цаашдаа номоо гаргахаа зорин ажлаад байна.

-Нэгэнт л сэтгүүлч хүнтэй ярилцсаных сэтгүүлчээр сурч байгаа дүү нар олон байгаа шүү дээ. Эдгээр хүмүүст хандаж хэлбэл

-Яг ямар салбарын сэтгүүлч болох вэ гэдэг гаргалгаагаа зөв гаргах хэрэгтэй. Гэхдээ бас бусад салбарынхаа талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Жишээ нь сонин, сайт, сэтгүүл, радио, телевиз аль нэг салбарын сэтгүүлч болохоо сайтар бодож үүний дагуу хичээх ёстой болж байгаа юм. Яг аль салбараа сонгох вэ гэдгээ маш сайн мэдэж сурваас амжилт ойрхон байна гэж боддог.

Бидний урилгыг хүлээн авч багахан ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. 2 сарын 11-нд болох номын нээлтэд нь амжилт хүсье. Хамгийн сүүлийн мөчийг танд үлдээе.

Баярлалаа. Надад нэг л зүйл их бодогддог. Нийгэмд болж бүтэхгүй маш олон асуудлууд байна. Ер нь бол хүн бүр эерэг сэтгэхүйтэй байвал зүгээр юм болов уу гэж боддог. Бухимдах зүйлүүд маш их гардаг. Хамгийн энгийн жишээ бол түгжрэл, -дэс дараалал. Бухимдах зүйлс их байгаа ч тэр бүгдийг харах өнцөг арай өөр байх ёстой юм болов уу. Эерэг гэхээр бусдын нүдэн дээр бусдад туслах явдал биш. Хэн ч байхгүй байсан ч гэсэн өөрийнхөө сэдлээрээ бусдад тусалж байдаг дандаа сайхан зүйлийг дэлгэрүүлж байдаг хүмүүс маш олон болоосой гэж хүсдэг

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье

-Баярлалаа. Танай ажлын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу