ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР БИ ДЭМЖИНЭ. БИД НЭГДЭНЭ. ХҮН БҮР ХҮЧИН ЧАРМАЙЛТАА НЭГТГЭЕ.

418

2 ДУГААР САРЫН 04. Жил бүрийн энэ өдөр хорт хавдрын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, үнэн зөв мэдээлэл түгээх, хорт хавдрын эсрэг үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх, хорт хавдрын тусламж үйлчилгээ тэр дундаа эрт илрүүлэг, эрт оношлогоог хүртээмжтэй болгоход шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтыг бууруулахын төлөө санаачлага гаргаж, хүчин чармайлтаа нэгтгэхийг улс орнуудын засгийн газраас шаардахын төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг өдөр юм. Энэ жил энэхүү өдрийг “Би дэмжинэ, бид нэгдэнэ. Хүн бүр хүчин чармайлтаа нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж байна.

 Манай улсын хүн амын дунд 2019 онд 6,381 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 2019 онд зонхилон тохиолдох хорт хавдрын бүтцэд элэгний хорт хавдар 34%, ходоодны хорт хавдар 16%, уушиг гуурсан хоолой хорт хавдар 8%, улаан хоолой 6%, умайн хүзүүний хорт хавдар 5%, нийт хорт хавдрын 69 хувийг дээрх байрлалын хорт хавдрууд эзэлж байна. Харин эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушиг гуурсан хоолойн, улаанхоолой, бүдүүн, шулуун гэдэсний хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаанхоолойн хорт хавдар зонхилон тохиолдож байна.

Шинээр бүртгэгдсэн нийт хорт хавдрын 77.1% нь хожуу үедээ оношлогдсон байна. Монгол улсад 2019 онд хорт хавдрын шалтгаант өвчлөлийн улмаас  20913 хүн амьдарч байгаагийн 391(1.8 хувь) 0-19 насны хүүхэд байна. Хорт хавдрын хяналтад байгаа хүмүүсийн 37 хувь нь 5 ба түүнээс дээш жил амьдарч байна. Монгол улсад 2019 онд 0-19 насны 122 хүүхдэд хорт хавдарын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 0-19 насны хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүтцэд лимфоид лейкеми 42%, тархи мэдрэл 18%, яс 3%, ходжкины бус лимфома 3%, өндгөвчний хорт хавдар 2%-ийг эзэлж байна.

ДЭМБ 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдүүдийн зовлон шаналалыг бууруулж, амьдрах чадварыг наад зах нь 60%-д хүргэж нэмэгдүүлэх зорилго бүхий “Хүүхдийн хорт хавдрын эсрэг Глобаль санаачлага”-ыг эхлүүлсэн. Энэхүү санаачлагыг Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам дэмжиж нэгдэн орсон. Бид системтэйгээр, үндэсний хэмжээнд төлөвлөгөөтэй ажиллаж, хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хорт хавдартай хүүхдүүдийн амьдрах чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Монгол улсад жилд 70-90 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож байна. Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахад түншлэгч бүх талуудын оролцоо, төр, төрийн бус байгууллага, олон салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь чухал байна. Иймд бид 2020 онд “Хавдаргүй үрс” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж, хүүхдийн хорт хавдрыг ЯЛАН ДИЙЛЭХИЙН төлөө 28 байгууллага хамтран ажиллах ҮҮРЭГ ХҮЛЭЭН, амлалт өгч гарын үсэг зурсан.

Цаашид бид Монгол Улсад хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүний нөөц, хөрөнгө төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн нэгдсэн тогтолцоог бий болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санаачлагатай, хүчин чармайлт гарган ажиллахаар төлөвлөж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу