Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын тоо нэг сая давж, цаашид ч эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байна. Эрдэмтэд шинэ коронавирусийн эсрэг вакцин гарган авахаар эрчимтэй ажиллаж байгаа ч мэргэжилтнүүдийн зүгээс вакциныг эмнэлзүйд нэвтрүүлэх боломжит хамгийн хурдан хугацааг 18 сар гэж тодорхойлсон.

Тэгвэл дэлхийн хэд хэдэн оронд эрдэмтэд зуун жилийн настай сүрьеэгийн вакциныг “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдэд амьсгалын замын шинж тэмдгийг бууруулах, тухайн өвчтөний дархлааны үндсэн системийг халдварын үед дэмжиж байгаа эсэхийг тодорхойлох туршилтууд хийгдэж байгаа талаар “Reuters” агентлаг мэдээллээ. Тухайлбал, Австрали болон Европын эрдэмтэд анх 1920 онд эмнэлзүйд танилцуулагдсан сүрьеэгийн эсрэг “Bacille Calmette-Guerin” буюу БЦЖ вакциныг “COVID-19”-ийн эсрэг туршиж эхэлжээ. Зүүн гарын булчин дээр БЦЖ вакцин тарьсны дараагаар сорви тогтддог гэдгээр нь хүмүүс энэхүү вакциныг хамгийн сайн мэддэг.

Хамгийн гол нь сүрьеэгийн вакцины хүний биед үзүүлэх сөрөг нөлөө олон жилийн хугацаанд батлагдаж, эмнэлзүйд өргөн ашиглагддагаас шалтгаалан “COVID-19”-ийн эсрэг шууд клиник туршилт явуулах боломжийг олгох юм. Клиникийн судалгаанд одоогоор эрүүл мэндийн ажилтнууд болон шинэ коронавирусийн халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй буюу ахмад настнуудыг хамруулж байгаа аж.

БЦЖ вакцин нь сүрьеэгийн нянгийн амьд буюу суларсан омгийг өөртөө агуулдаг бөгөөд энэ нь хүний бие махбодод сүрьеэгийн бактерийн эсрэг антибоди үүсгэх замаар уг өвчнийг дарангуйлах зарчмаар ажилладаг. Үүнийг шинжлэх ухаанд дасан зохицох дархлааны хариу урвал гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүний биед сүрьеэгийн вакцины суларсан амьд нян тарих замаар антибоди үүсгэж, өвөрмөц дархлаа тогтоох замаар эмгэг төрүүлэгчээс хамгаалдаг. Ихэнх вакцинууд нь нэг эмгэг төрүүлэгчийн эсрэг дасан зохицох дархлааны хариу урвал үүсгэх байдлаар боловсруулагдсан байдаг. Харин БЦЖ вакцины давуу тал нь хүний биед зөвхөн өвөрмөц дархлаа тогтоогоод зогсохгүй хүний төрөлхийн дархлааг сайжруулж, олон төрлийн эмгэг төрүүлэгч бие махбодод халдан орохоос сэргийлдэг.

Гвиней-Бисау улсад хийгдсэн судалгаагаар сүрьеэгийн эсрэг БЦЖ товлолын вакцинд хамрагдсан хүүхдүүдийн дунд энэхүү вакцинд хамрагдаагүй бусад хүүхдүүдтэй харьцуулахад эндэгдэл 50 хувь бага байжээ. Мөн энэхүү судалгаагаар тус улсын хэмжээнд сүрьеэгийн халдварын тохиолдол нэмэгдэх байдалтай харьцуулахад бусад халдварт өвчнөөр нас барж байгаа хүмүүсийн тоо БЦЖ вакцин хийлгэснээр буурч байгаа үр дүнг харуулсан байна. Бусад судалгаагаар БЦЖ вакцинд хамрагдсан өсвөр насныхан болон ахмад настнуудын дунд амьсгалын замын халдвар авах байдал мөн буурсан үзүүлэлт ажиглагджээ.

Гэсэн ч эрдэмтдийн хувьд одоогоор БЦЖ вакцинд хамрагдсан хүмүүст “COVID-19”-ийн халдвар хэрхэн нөлөөлж байгаа талаар ямар ч мэдээлэл, судалгаа байхгүй байгаа юм. Мөн дэлхийн хэмжээнд энэхүү вакциныг маш олон төрлөөр, өөр өөр доозтойгоор үйлдвэрлэдэг. Тиймээс эрдэмтдийн хувьд “COVID-19”-ийн эсрэг хүний төрөлхийн дархлааг хамгийн сайн дэмждэг БЦЖ вакциныг олж тогтоох шаардлагатай болжээ. Тиймээс эрдэмтдийн зүгээс сөрөг нөлөө үүсэж болзошгүй шалтгаанаар үүнийг яарч хэрэглэхгүй байхыг анхааруулжээ. Үүнээс гадна иргэд “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор БЦЖ вакциныг олноор тариулж эхэлбэл хүүхдүүдэд хийгддэг товлолын вакцины хомстол нүүрлэж болзошгүйг сануулсан байна.

Эх сурвалж: Reuters

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу