Хүн төрөлхтөн өөрөөсөө таван сая дахин жижиг “Covid-2019” вирусийн эсрэг “дайн” зарлаад буй. ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейвиус лхагва гаригт энэхүү өвчний “онц ноцтой” тархалтын эсрэг дэлхийн улсууд хүчээ нэгтгэн хамтран тэмцэхийг уриалсан юм.

Үхлийн аюултай энэхүү өвчний эсрэг тэмцэх арга хэмжээг дэлхийн улсууд янз бүрээр хэрэгжүүлж байна. Их Британид бүртгэгдсэн “Covid-2019”-өөр халдварласан нэг тохиолдол эрсдэл бүхий бүс нутгуудад зорчоогүй хэрнэ дор хаяж 11 хүнд вирус халдаасан болох нь тогтоогдсон юм. Энэ талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейвиус “Бид энэхүү өвчний талаар мэдэхгүй зүйл олон байна. Англид гарсан энэ тохиолдол нь Covid-2019 вирус илүү өргөн цар хүрээтэй тархах эрсдэлтэй байгааг дэлхий нийтээд анхааруулж байна” гэжээ.

Иймд коронавирусээс хамгаалах улс орнуудын хамгийн сайн туршлагуудыг хүргэж байна.  Магадгүй “Covid-2019” вирусийн дэгдэлтийн оргил үе ойртсон энэ үед дараахь туршлагууд бидэнд ч тус болж болох юм.

-Их Британийн “Diamond Princess” хөлөг онгоцонд зорчиж яваад өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд Хонконгт аяллаа өндөрлүүлсэн нэг зорчигчоос зургаан хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 1-нд “Covid-2019” вирусийн эерэг хариу тогтоогдсон билээ. Үүнээс гурав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 4-нд тус хөлөг онгоц Японы Ёкохама аралд зогсох үед Японы Эрүүл мэндийн яамны зүгээс эх орондоо халдварт өвчин тархаахгүй байх үүднээс “Diamond Princess” хөлгийг тэр чигт нь буюу зорчиж явсан нийт 2666 зорчигчийн хамтаар тусгаарлах шийдвэр гаргасан юм. Гэвч лхагва гаригийн байдлаар тус хөлөг дээр “Covid-2019” вирусийн халдвар авсан нийт 174 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар авсан эдгээр иргэдийн дийлэнх нь анхны шинжилгээгээр халдвар аваагүй байсан юм. Өөрөөр хэлбэл, тэд бөөнөөр нь хөл хорьсны улмаас шинээр халдвар авчээ. Хэдий хөлгийн зорчигчдыг өөр хооронд нь тусгаарлаж байсан ч агааржуулах системийн хоолойгоор халдвар дамжсан байж болзошгүй гэх таамгийг мэргэжилтнүүдийн зүгээс өгчээ.

Энэхүү сургамжаас үүдэн Хонконгийн Эрүүл мэндийн яамнаас Эх газрын Хятад болон өндөр эрсдэлтэй бүс нутгуудад зорчсон өөрийн орны иргэдийг 14 хоногийн турш гэрт нь, гаднын улсын иргэдийг зочид буудал болон Засгийн газрын зүгээс байгуулсан тусгаарлах байруудад хөл хорих шийдвэрийг өнгөрөгч бямба гаригт танилцуулсан юм.

-Хонконгийн Засгийн газар хорио цээрийн дэглэм тогтоож, халдварт өвчний онц байдал зарласан үед хүртэл иргэдийнхээ амар тайван байдал, хувийн өмчид халдахгүй байх үүднээс хөл хорионд орсон иргэдийг технологийн шийдлийн тусламжтай буюу “video call” хийх, ухаалаг гар утас, бугуйвчийн байршил илрүүлэгч зэргээр хянаж байгаа аж.

-Хонконгт лхагва гаригийн байдлаар “Covid-2019” вирусийн халдвар авсан батлагдсан 49 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас бараад байна. Өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь уламжлалт Цагаан сарын амралтыг тохиолдуулан Эх газрын Хятад зорчсон иргэд байгаа юм.

-Өнгөрөгч даваа гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөл, Эрүүл мэндийн байгууллагын захиалгаар тус улсын “China Electronics Technology Group Corporations” компанийн хөгжүүлсэн иргэдэд коронавирусийн халдвар авах эрсдэлийг мэдээлэх дижитал платформыг албан ёсоор хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэхүү платформд Эх газрын Хятадын иргэд өөрсдийн регистрийн дугаараар бүртгүүлэн оршин сууж буй харьяаллынхаа дагуу “Covid-2019” вирусийн халдварын ямар бүсэд амьдарч, мөн зорчиж буйгаа байгааг “Real-time” байдлаар хүлээн авч, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ авах, хяналт, шинжилгээнд хамрагдах байгууллагуудтай холбогдон, Эрүүл мэндийн байгууллагын зүгээс гаргасан зөвлөмжүүдтэй нэг бүрчлэн танилцах боломжтой аж.

-Улс орнууд  нийтээр тэмдэглэх баяр ёслол, арга хэмжээнүүдийг  хязгаарлах, цуцлах арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, ирэх сарын 9-11 өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн Дэлхийн үр тарианы бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт цуцлагдаж энэ оны зургадугаар сарын 17-19 өдрүүдэд болохоор хойшлов. Ирэх сарын 17-18 өдрүүдэд Хонконгт зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн “TOKEN2049” криптовалютын томоохон арга хэмжээ цуцлагдаж ирэх аравдугаар сард болохоор хойшлогджээ. 2022 онд Катар улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ын урьдчилсан шатны хэд хэдэн тоглолтууд цуцлагдаад байна.

Image result for corona virusХамгийн сүүлд олон улсын эмэгтэй гольфчдын “LPGA Tour” цуврал тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс даваа гаригт коронавирусийн тархалттай холбоотойгоор 2020 оны календарьт уралдаан тэмцээнүүддээ өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн. Мөн жил бүрийн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагддаг “Formula 1” уралдааны “Шанхайн грандпри” уралдаан хойшлогдож магадгүй болоод байна. Мөн Япон улсад “Covid-2019” вирусийн 200 гаруй тохиолдол бүртгэгдэж, дэлхий дахинд тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор ирэх долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Токио 2020” зуны олимпын наадмыг хойшлуулах санал гарсан талаар Германы “Deutsche Welle” агентлаг мэдээлжээ. Мөн энэ сарын 24-27 өдрүүдэд Испанийн Барселон хотноо болохоор төлөвлөгдсөн ухаалаг гар утас болон хөдөлгөөнт харилцаа холбооны технологи хөгжүүлэгчдийн хамгийн том үзэсгэлэн болох “Mobile World Congress” арга хэмжээнд “Amazon”, “Sony”, “LG” зэрэг томоохон компаниуд оролцохгүй болсноо мэдэгдсэн юм. Үүний дараа лхагва гаригт арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс “Mobile World Congress” экспог цуцалж байгаагаа мэдэгдлээ.

-Хятадын хэд хэдэн томоохон компани тэр дундаа технологийн салбарын “Tencent”, “ByteDance”, “Baidu”, “Didi” зэрэг компаниуд гэрээсээ ажиллах боломжтой ажилчдадаа санал болгосон хоёрдугаар сарын 17-ныг хүртэл цалинтай чөлөө олгох хугацааг хоёрдугаар сарын 24 болгож нэг долоо хоногоор сунгаж байгаагаа мэдэгдсэн.

Image result for corona virus

-Хонконгийн олон улсын иргэний агаарын тээврийн “Cathay Pacific” компани өнгөрөгч лхагва гаригаас эхлэн нийт 27000 ажилчдадаа гурван долоо хоногийн турш цалинтай чөлөө олгож эхлээд байна. Компаниудын хувьд ажилчдадаа цалинтай чөлөө олгох нь тэдэнд ихээхэн хохирол дагуулах нь гарцаагүй. Гэсэн ч томоохон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд мөнгө, орлогоос илүү амь үгүй гэдгийг ухамсарлан ийнхүү арга хэмжээг авч байна.

-Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулах үүднээс Хятадын Засгийн газар  үйлчилгээ, жижиглэн худалдаа эрхлэгчдийн суурь түрээсийг тодорхой хугацаанд бууруулж, бизнесүүдийг хэсэг хугацаанд зарим татвараас чөлөөлөхөө амлаад байна.

Учир нь коронавирусийн дэгдэлттэй холбоотой үүссэн хүндрэлүүдээс шалтгаалан Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” брэндээс эхлээд тус улсын топ 300 компаниудын зөвхөн банкны зээлийн хүүгийн алдагдал 8.2 тэрбум ам.долларт хүрсэн тооцоо гарчээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу