ДЭМБ-ын зүгээс өнгөрөгч хоёрдугаар сарын 5-нд “COVID-19”-ын дэгдэлтийн эсрэг дэлхийн хэмжээний мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж 675 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа талаар мэдэгдэж, Засгийн газрууд болон санхүүгийн институцүүдэд хандан хандив өргөхийг уриалсан. Хандивын аян ирэх дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.
БНХАУ-ын Засгийн газрын зүгээс ДЭМБ энэхүү дэлхийн хэмжээний үйл хэрэгт зориулж нийт шаардлагатай санхүүжилтийн гурван хувь буюу 20 сая ам.долларыг хандивласан байна. Харин Японы улс 47.5 сая ам.доллар, Кувейт 40 сая ам.доллар, Герман 28 сая ам.долларыг ДЭМБ-ын тусгай санд хандивласнаараа Хятадын өмнө бичигдэж байгаа аж.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны нэгэн ахлах албан тушаалтан “The Post” сонинд ярилцлага өгөх үеэрээ “Цар тахлыг эхлүүлсэн БНХАУ 20 сая ам.долларын хандив өргөсөн. Хятадын энэхүү хямдхан байдал нь үнэхээр цочирдуулсан, ичмээр явдал байлаа. Хэрэв тэд 675 сая ам.долларын шаардлагатай зардлыг бүрэн төлж чадахгүй бол ядаж талыг нь өгөх ёстой” гэсэн нь Цагаан ордны албан байр суурь болж байгааг эх сурвалжууд онцолжээ. Үүний дээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн өдрүүдэд цар тахлын дэгдэлтэд БНХАУ-ын эрх баригчдыг буруутгасан өнгө аяс илэрхийлж, ДЭМБ-ын зүгээс “COVID-19” гэж зарласан олон улсын нэршлийг үл харгалзан “Хятад вирус” гэх зэрэг нэршлийг мэдэгдлүүддээ байнга ашиглах болсноос дээрх яриаг албан ёсны байр суурь гэж үзэж болох талаар ажиглагчид дурдсан байна.
Вашингтоны эрх баригчид ДЭМБ-ын энэхүү тусгай санд 14.7 сая ам.доллар хандивлажээ. Гэсэн ч Цагаан ордны албан тушаалтны зүгээс АНУ “COVID-19”-тэй тэмцэх дэлхийн хэмжээний үйлсэд зориулж, үүнээс гадна 100 сая ам.доллар хандивласан талаар дурджээ. Мөн АНУ-ын Төрийн департаментын хоёрдугаар сарын тайланд дурдсанаар Вашингтон жил бүр ДЭМБ-ын үйл ажиллагааны зардалд зориулж 58 тэрбум ам.долларын санхүүжилт хийдэг нь БНХАУ-ын өгдөг 28.7 тэрбум ам.доллартай харьцуулахад даруй хоёр дахин их тоо болохыг онцлон тэмдэглэжээ.
Бээжингийн эрх баригчдын зүгээс одоогоор энэхүү асуудалтай холбоотойгоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хүргүүлээгүй байна. Дэлхийн хэмжээнд баасан гаригийн байдлаар 200 гаруй оронд “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 530 мянга тохиолдол, 23976 нас баралт бүртгэгдээд байна. ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейсиус цар тахлын асуудлаар ойрын үед хүчтэй санал зөрөлдөх болсон их гүрнүүдийн эр баригчдад хандан энэ цаг үед эв нэгдэл хамгийн эрхэм болохыг сануулсаар байгаа юм.
Эх сурвалж: The Post, New York Post, Press stories