Дэлхийн хэмжээнд лхагва гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 421413 тохиолдол, 18810 нас баралт бүртгэгдээд байна.
ДЭМБ-ын албан ёсны вебсайтын цахим өгөгдөлд өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн эсрэг вакцин гарган авах боломжит 44 судалгаа бүртгэгджээ.
Эдгээрээс БНХАУ-ын Бээжингийн Биотехнологийн хүрээлэнгийн боловсруулсан “Adenovirus Type 5 Vector”, АНУ-ын Халдварт өвчин, харшил судлалын үндэсний хүрээлэн болон биотехнологийн “Moderna” компаниуд хамтран боловсруулсан “LNPencapsulated mRNA” гэх хоёр тусдаа вакцины судалгаа клиникийн туршилтын нэгдүгээр үе шатанд шилжиж, амжилттай үргэлжилж байгаа аж. Үүний дээр ДЭМБ-д бүртгэлгүй ОХУ-ын вирус судлал, биотехнологийн “Vector” улсын шинжлэх ухааны төвийн боловсруулсан вакцин мөн клиникийн туршилтын нэгдүгээр үе шатыг эхлүүлсэн. Судлаачдын зүгээс боломжит вакциныг эмнэлзүйд нэвтрүүлэх хамгийн ойрын хугацааг 18 сарын дараа гэж тодорхойлж байгаа юм.
Үүнээс гадна эрдэмтэд “COVID-19”-ийн эсрэг эмчилгээг боловсруулахын тулд ердийн “витамин C”-ийн үйлчлэлээс, Хятадын уламжлалт анагаах ухаан хүртэл боломжит бүх хувилбаруудыг судалж байна. Дэвшилтэт эсийн эмчилгээний эмнэлзүйн туршилтуудын нэгдсэн өгөгдлийн сан болох “Cellstrails.org”-ын дата тайланд өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн эсрэг эм болон вакцин боловсруулах 266 судалгаа бүртгэгджээ. Эдгээрт АНУ-ын биотехнологийн “Gilead Science” компанийн боловсруулсан “Remdesiver” болон Хятадын ардын уламжлалт анагаах ухааны “Lianhua Qingwen” зэрэг “COVID-19”-ийн эсрэг сайн үйлчилгээтэй гэдгээ судалгаагаар харуулсан эмүүд багтаж байна.
Мөн АНУ-ын Массачусетсийн технологийн их сургууль(MIT)-ын “Technology Review” сэтгүүлд “COVID-19”-ийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой, сайн үр дүнтэй гурван эмийн судалгааг онцолсон юм.
Тухайлбал, Францын Марсель хотын “IHU-Méditerranée Infection” институц “COVID-19”-ийн халдвар авсан 26 өвчтөнд ердийн малера өвчний эсрэг “Chloroquine” буюу “Hydroxychloroquine” эмийг 200 граммаар, өдөрт гурван удаа, 10 өдрийн турш уулган туршихад энэхүү эмийг уугаагүй бусад өвчтөнүүдтэй харьцуулахад зургаан өдрийн дотор дархлааны системд нь эерэг өөрчлөлт гарсан үр дүнг үзүүлжээ. Туршилтад хамрагдсан 26 өвчтөнүүдийн зарим нь антибиотикийн төрлийн “Azithromycin” эмийг хавсран ууж байжээ. Уг судалгаанд хамрагдагсдын тоо ердөө 26-аар хязгаарлагдаж байгаагаас шалтгаалан энэхүү үр дүнг хангалттай бус гэж үзэж болох ч БНХАУ-ын Ухань хотын хэд хэдэн эмнэлэгт хийсэн судалгаагаар “Chloroquine” нь мөн сайн үр дүнтэй гэдгээ харуулсан. Гэвч энэхүү эм нь өвчтөний зүрхний хэм алдагдах сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйгээс шалтгаалан олдоц ихтэй, харьцангуй хямд үнэтэй энэхүү эмийг дур мэдэн хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулжээ.
БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагын зүгээс өнгөрөгч долоо хоногт Японы биотехнологийн “Toyama Chemical” компанийн боловсруулсан вирусийн эсрэг “Favipiravir” эм нь “COVID-19”-ийн эсрэг өндөр үр дүнтэй болох нь судалгаагаар “маш тодорхой” харагдаж байгааг мэдэгдсэн. Уханийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд халдвар авч, “уушгины үрэвсэл үүссэн” 240 өвчтөнийг хоёр тусдаа хэсэг болгон хувааж, нэг хэсэгт нь “Favipiravir”, нөгөө хэсэгт нь ОХУ-д ашиглагдаж буй мөн вирусийн эсрэг “Umifenovir” буюу “Arbidol” эмийг тогтмол уулгах замаар аль нь илүү өндөр үр дүнтэй болохыг тогтоох судалгаа хийхэд “Favipiravir” эмийг эмчилгээнд ашигласан бүлэгт ханиалгах, халуурах шинж тэмдэг илүү хурдан буурч байжээ. Вирусийн эсрэг “Favipiravir” эм нь Японы зах зээл дээр “Avigan” гэх өөр нэрээр борлуулагддаг.
Хятадын эрдэмтэд “ХДХВ”-ын эсрэг үйлчилгээтэй “Lopinavir” болон “Ritonavir” гэх хоёр эмийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон “уушгины үрэвсэл үүссэн” 199 өвчтөнд өдөрт хоёроор, хоёр долоо хоногийн хугацаанд хавсруулан уулгаж туршихад тийм ч өндөр үр дүн үзүүлээгүй аж. Судалгааны тайланд дурдсанаар туршилтад хамрагдсан өвчтөнүүдийн 20 хувийнх нь биеийн байдалд том эерэг өөрчлөлт гаралгүй нас барсан байна. Гэсэн ч мэргэжилтнүүд АНУ-ын биотехнологийн “AbbVie” компанийн “Kaletra” нэрээр зах зээлд борлуулагддаг уг хоёр эмийн хосолмол хувилбар нь “COVID-19” халдвараар хөнгөн өвчилсөн өвчтөнүүдэд үр дүнтэй байж болох талаар дурджээ. ХДХВ-ын эсрэг “Lopinavir” эмийг өмнө нь коронавирусийн өөр нэг төрөл болох “MERS”-ын дэгдэлтийн үед лабораторийн амьтад дээр туршихад энэхүү өвчний эсрэг үр дүнтэй болох нь тогтоогдож байжээ. Харин “Ritonavir” нь хослуулан хэрэглэх нөгөө эмийнхээ үйлчилгээг дэмжих үүрэгтэй аж.
Харин Хятадын ардын уламжлалт анагаах ухааны эмүүдийг “COVID-19”-ийн эмчилгээнд ашиглах судалгаануудын хувьд БНХАУ-ын нэрт тархвар судлаач Жонг Наньшан Гуанжоугийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн туршилтын үр дүнг үндэслэн вирусийн гаралтай олон тооны үрэвслийн эсрэг эмчилгээнд ашиглагддаг “Lianhua Qingwen” мөхлөг нь энэхүү вирусийг дарангуйлах маш тодорхой цитопатик нөлөө үзүүлж байгааг цохон тэмдэглэсэн юм. БНХАУ-ын 9 мужийн 20 гаруй эмнэлэг, түүний дотор Уханийн их сургуулийн эмнэлэг, Ухань хотын Жиньинтан эмнэлэг зэрэг хамгийн олон “COVID-19” өвчтөнүүд хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгүүдэд Лианхуа Чин Вен мөхлөгийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон 284 өвчтөнд туршихад нийт судалгаанд хамрагдагсдын 9.1 хувьд нь халуурах, ханиалгах, бие сульдах зэрэг шинж тэмдэг гурван өдрийн дараа арилах үр дүн үзүүлсэн байна. Харин компьютер томограф шинжилгээгээр өвчтөнүүдийн 19.7 хувийнх нь уушгинд эерэг өөрчлөлт гарсан, эмнэлзүйн бусад хавсарсан эмчилгээний үр дүн 12.7 хувь өссөн, судалгаанд хамрагдаагүй бусад өвчтөнүүдтэй харьцуулахад ерөнхий биеийн байдал 50 хувь сайжирсан зэрэг үр дүн гарсан аж. Тиймээс энэхүү уламжлалт анагаах ухааны эмийг “COVID-19”-өөр хүнд болон ноцтой өвчилсөн өвчтөнүүдийг эмчлэх боломжит эмчилгээний хувилбар байж болох юм гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Лианхуа Чин Вэн үрлийн орц нь “Forsythia suspensa, Ephedra sinica, Lonicera japonica, Isatis indigotica, Mentha haplocalyx, Dryopteris crassirhizoma, Rhodiola rosea, Gypsum Fibrosum, Pogostemon cablin, Rheum palmatum , Houttuynia cordata, Glycyrrhizae, uralensis, Armeniaca sibirica” зэрэг эмийн ургамлуудаас бүрддэг аж.
Мөн Хятадын ардын уламжлалт анагаах ухааны өөр нэг эм болох “Qing Fei Pai Du Tang” бэлдмэлийг “COVID-19”-ийн халдвар авсан 701 өвчтөнд туршиж, тандалт хийхэд 130 хүн буюу 18.5 хувь нь эдгэж, 51 хүн буюу 7.27 хувьд нь халуурах, ханиалгах шинж тэмдэг арилж, 268 өвчтөн буюу 38.2 хувьд нь шинж тэмдэг буурах нөлөө үзүүлсэн бол үлдсэн 212 өвчтөн буюу 30.2 хувьд нь биеийн байдал тогтворжсон үр дүн ажиглагдсан байна. Хятадын ардын уламжлалт анагаах ухаанд ердийн ханиадны эмчилгээнд ашиглагддаг энэхүү бэлдмэл нь дөрвөн төрөл зүйлийн 21 эмийн ургамлын найрлагатай аж.
Эх сурвалж: WHO.int, CELLSTRAILS.org, Technology Review, SCMP, Associated Press, The Verge, HealthCMI, Xinhua, Bioworld