“ИХ-20” бүлгийн Сангийн сайд нар болон Төв банкны удирдлагууд лхагва гаригт цар тахлын улмаас дэлхийн эдийн засагт үүссэн хямралыг санхүүгийн арга хэрэгслээр даван туулах асуудлаар цахим уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтын хүрээнд “ИХ-20” бүлэг дэлхийн хамгийн хөгжил буурай 76 улсын олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн эргэн төлөлтийг 2020 оныг дуустал царцаах шийдвэрт санал нэгджээ. Саудын Арабын Сангийн сайд Мохаммед аль-Жадаан энэ талаар сэтгүүлчдэд ярихдаа “Хөгжил буурай орнуудын зээлийн үндсэн болон хүүгийн төлөлтийг 2020 он дуустал царцаах шийдвэрт хүрсэн. Үүний хүрээнд хөгжил буурай орнууд энэ онд төлөх ёстой 20 тэрбум ам.долларын өрөө цар тахалтай тэмцэх чиглэлд эрүүл мэндийн салбартаа зарцуулах боломж бүрдэж байгаа юм” гэжээ.

Ашгийн бус “Jubile USA Network” байгууллагын Гүйцэтгэх захирал Эрик ЛеКомпте “Энэхүү тохиролцооны хүрээнд хөгжил буурай орнуудын зээлийн эргэн төлөлтийг чөлөөлөх эх үүсвэрийг 25 тэрбум ам.долларт хүргэх боломжтой” гэж мэдэгдсэн юм.

ОУВС болон Дэлхийн банкны зүгээс өмнө нь “ИХ-7” улсын бүлэгт хандан эдийн засаг нь хүнд нөхцөл байдалд орсон орнуудын зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар чөлөөлөх уриалгыг гаргаад байв. Тэгвэл лхагва гаригт энэхүү асуудлыг илүү өргөн цар хүрээтэй буюу БНХАУ, ОХУ-ыг хамрах “ИХ-20”-ийн хэмжээнд хэлэлцэн дэмжсэн байна. ОУВС-ын тэргүүн Кристалина Георгиева болон Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс нар “ИХ-20” бүлэг уг шийдвэрийг танилцуулсны дараагаар хамтарсан мэдэгдэл гаргаж талархал илэрхийлсэн юм. Хамтарсан мэдэгдэлд “Энэ бол хамгийн эмзэг бүлгийн олон сая хүний амь, амьжиргааг хамгаалахад чиглэсэн маш шуурхай бөгөөд хүчирхэг санаачилга юм” гэжээ. ОУВС өнгөрөгч даваа гаригт хөгжил буурай 25 оронд олгосон зээлийн эргэн төлөлтийг зургаан сарын хугацаанд зогсоох шийдвэр танилцуулсан. “ИХ-20”-ийн шийдвэрийн араас хувийн зээлдүүлэгчид ч гэсэн хөгжил буурай орнуудад олгосон зээлийн эргэн төлөлтийг чөлөөлөх ажилд сайн дураараа нэгдэхээ илэрхийлсэн. Тухайлбал, дэлхийн 450 гаруй банк, хөрөнгө оруулалтын сангууд болон санхүүгийн хэрэгслүүдийг төлөөлдөг Олон улсын санхүүгийн институц бүх гишүүн байгууллагуудаа төлөөлөн “ИХ-20”-санаачлилгийг дэмжихээ илэрхийлжээ.

Францын Сангийн сайд Бруно Ле Майерын мэдээлснээр Олон улсын санхүүгийн институц гишүүдынхаа хүрээнд хөгжил буурай орнуудад олгосон 8-12 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг чөлөөлөх тохиролцоонд хүрсэн байна. Зээл чөлөөлөх эх үүсвэрийн дийлэнх хэсгийг Дэлхийн банкнаас гаргаж байгаа бөгөөд өөр тодорхой мэдээлэл одоогоор огт гараагүй байгаа юм.

Дэлхийн тэргүүлэгч 20 эдийн засгаас бүрдэх “ИХ-20”-ийн бүлэг лхагва гаригт цар тахлаас улбаатай дэлхийн эдийн засаг, эрүүл мэндийн хямралыг даван туулах чиглэлд цаашид боломжтой бүх хэрэгслүүдээ дайчлан, дэмжлэг үзүүлэх амлалт өгч байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: IMF.org, Reuters, France24

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу