Хабиб Нурмагомедов болон Конор Макгрегор нарын тулаан зургаан сарын өмнө сүр дуулиантай өндөрлөсөн. Тэрхүү тулаан Хабибын ялалтаар өндөрлөсөн ч тамирчид бие биенээ үзэн ядсан хэвээр байгаа юм.
Өнгөрсөн сард тэр хоёрын сошиал сүлжээгээр нэг нэгнийгээ доромжилсон хэрүүл хэрээс хэтэрсэн гэж “UFC”-гийн ерөнхийлөгч Дэн Уайт мэдэгдэл хийлээ.
Өнгөрсөн сард Ирланд тулаанч Конор Макгрегор спортоо орхиж буйгаа зарласан. Үүний дараагаар Хабибын талын нэгэн хүн “Чи спортыг орхиж буй юм биш ээ. Спорт чамайг орхиж буй юм” гэж бичсэн юм.
Үүний дараагаар Конор дуугүй суусангүй. Тэрбээр Хабибын хуримын зургийг олон нийтийн сүлжээнд нийтлээд “Алчуурны дор ямаа байна” гэж бичсэн ажээ. Мэдээж, эхнэрийг нь доромжилсны хариуг Хабиб өгөхөөр яарчээ.
Ингээд ирланд эрийн нэгэн бүсгүйг тэвэрч буй зургийг хариу нийтлээд “Чи бол хүчирхийлэгч. Өөдгүй муу хүчирхийлэгч. Хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг үүрч чаддаггүй хоёр нүүртэй амьтан. Шударга ёс чамайг шийтгэх болно. Дахиад уулзана аа” гэж бичсэн байна.
Ирланд даяар нэгэн алдартай тамирчин хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээ түгээд байгаа юм. Хэдийгээр тамирчны нэрийг нууцалж буй ч Конорыг байж магадгүй гэсэн хардлага газар авсан ажээ. Тиймээс ч Хабиб үүн дээр дөрөөлж бичсэн бололтой.
“Бусдын шашин шүтлэгийг доромжилчхоод айхгүй аюулгүй байж болно гэж бодож буй бол чи том эндүүрч байна” хэмээн Хабиб Нурмагомедов мөн нэмж өгүүлжээ.
Ийнхүү нөхцөл байдал жирийн нэгнээ өдсөн, сонжсон бус харин гэр бүл, гэмт хэрэгтэй холбоотой болж өрнөсөн учир Дэн Уайт “Тэдний хоорондын асуудлын талаар би мэдэж байгаа. Ер нь хяналтаас гарчихлаа. Хоёулаа байж болшгүй зүйлс ярьж, бичиж эхэллээ. Тиймээс бид тулаанчдын багийнхантай холбогдож, нөхцөл байдлыг намжааж, эвлэрүүлэхийг хичээнэ. Мөн олон нийтээс тэд уучлалт гуйх ёстой” хэмээжээ.