Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулахаар нэр дэвшүүлэв

649
lhagvasuren
Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулахаар нэр дэвшүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.22) хуралдаан Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчийг сонгохдоо шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдаас сонгохоор хуульчилсны дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шатлан дэвших зарчим, нэр дэвшигчийн эдийн засаг санхүүгийн мэдлэг, ажлын туршлагыг харгалзан үзэж Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулахаар ТӨ4 зэрэглэлийн төрийн тусгай албан тушаалтан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч юм. Уг албан тушаалтныг томилох асуудлыг тусгайлсан хуулиар буюу УИХ-ын тухай, Төв банкны тухай хуулиар тус тус зохицуулдаг.

~Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулахаар нэр дэвшүүлэв~

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 онд Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэн гэдгийг танилцууллаа.

УИХ-ын даргын танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь буюу 81.8 хувийн саналаар Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулах УИХ-ын даргын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу