Хар жагсаалтад багтсан орнуудад тавих ХОРИГ аравдугаар сараас хэрэгжинэ гэв

536
European Union
Хар жагсаалтад багтсан орнуудын хориг арга хэмжээ аравдугаар сараас хэрэгжинэ гэв

Европын холбооны (EX) мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээг танилцуулаад байна.

Энэхүү “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд ирэх 12 сарын хугацаанд ЕХ-ны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого, дүрмийн алдааг залруулж, илүү боловсронгуй, цогц болгох ерөнхий ажлууд багтжээ. Олон улсын өнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг “FATF”-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ЕХ-ны гишүүн орнуудын хүрээнд хориг арга хэмжээг өргөжүүлэх тухай тусгажээ.

Мөн ЕХ-ны санхүүгийн тогтвортой байдалд аюул учруулах өндөр эрсдэлтэй гишүүн бус гуравдагч орнуудын эсрэг хэрэгжүүлэх хориг арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Үйл ажиллагааны төлөвлөгөөний дэд хэсэгт ЕК-ын зүгээс мөнгө угаахтай тэмцэх, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо, бодлого, стратегийн дутагдалтай гуравдагч орнуудын шинэ жагсаалтыг танилцуулжээ.

~Хар жагсаалтад багтсан орнуудын хориг арга хэмжээ аравдугаар сараас хэрэгжинэ гэв~

Үүнд, Монгол Улс, Багамын арлууд, Барбадос, Ботсвана, Гана, Камбож, Мавритан, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве, Ямайк гэх 12 улс багтсан байна. Харин Босни-Герцеговин, Этиоп, Гайана, Лаос, Шри-Ланка, Тунис зэрэг орнуудыг жагсаалтаас хасжээ. ЕК гуравдагч орныг хар жагсаалтад багтаах журамдаа өөрчлөлт оруулсан. Энэхүү асуудлыг цар тахалтай холбоотойгоор нэгээс хоёр сарын дараа Европын парламент болон Зөвлөлд хэлэлцүүлэхээр өргөн барихаар төлөвлөжээ. Шинээр хар жагсаалтад орсон 12 улсад үзүүлэх хориг арга хэмжээ аравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх ажээ.

ЕХ-ны санхүүгийн хар жагсаалтад орсон орнуудад дараах хүндрэл үүсэх нь үндсэндээ тодорхой болсон. Нэгд, шинээр хэрэгжих үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Европын Төв банкинд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нэмэлт эрхүүдийг олгож буй. Ингэснээр Европын Төв банк ЕХ-ны гишүүн 27 орны Төв банк, Санхүүгийн зохицуулах хороотой нэг бодлогын хүрээнд ЕХ-н дахь банк, санхүү, татварын байгууллагуудтай харилцаж буй өндөр эрсдэлтэй орнуудын гүйлгээнд хатуу хяналт тавина. Хоёрт, ЕК-ийн дөрөвдүгээр сарын 5-нд танилцуулсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилтын хүрээнд хар жагсаалтад багтсан орны компаниуд ЕХ-ны санхүүжилтийг шинээр авах боломжгүй болох талаар дурдагджээ.

Эх сурвалж: ec.europa.eu

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу