“КОВИД-19”-ийн сайн дурын шинжилгээг дараах байршлуудад үнэ төлбөргүй авна

Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ.

“Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээг зохион байгуулах нь цар тахалтай тэмцэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн гол зорилтот ажил юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн “Ковид-19” халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг харьяа эрүүл мэндийн байгууллагын  нэр бүхий 18 төвд товлосон цагийн дагуу шинжилгээнд хамруулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, дээрх 18 төв болон сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээ хийж эхэлсэн 38 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 3300 иргэн хамрагдсан байна.

Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм.

Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд харьяа дүүргийн шинжилгээний төвд сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдана.

Харин шинжилгээнийхээ хариуг өөрийн регистрийн дугаараар www.119.mn сайтаас авах боломжтой юм.

TAGS: