2020-02-03

ЭМЯ: Уханиас ирсэн оюутнуудаас халдвар илрээгүй!

medeelel-eruul-mendiin-yam-2020
Уханиас ирсэн оюутнуудаас халдвар илрээгүй!

Эрүүл мэндийн яам коронавирусийн дэгдэлтийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна /2020-02-03/.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллийн эхэнд ЭМЯ болон төрийн холбогдох байгууллагууд 24 цагаар бэлэн байдалтай ажиллаж байгаа гэдгийг дуулгасан юм. Мөн тэрбээр “Польш улсад амьдарч буй иргэд, эмч нар 400 мянган маск, 100 ширхэг хувийн хамгаалах хэрэгслийг эмнэлгийн ажилтнуудад хандивласан. Монос групп Уханиас ирсэн оюутнуудын дунд дархлааг нь дэмжих витамин хандивласан. Мөн Монгол-Солонгосын коллежийн оюутнууд өөрсдөө оёсон маскаа ЭМЯ-д хандивласан гэх мэтчилэн хүнд хэцүү цагт төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд хамтран ажиллаж байгаад ЭМЯ талархаж байна” гэсэн юм.

Монгол дахь ДЭМБ-ийн мэргэжилтэн н.Ариунтуяа: Дэлхийн хэмжээнд коронавирусийн тохиолдол 17900 байна. Коронавирусийн халдвараар нас барсан тохиолдол 45-аар нэмэгдсэн ч нас баралтын төвшин 2.1 хувьтай буюу хэвээрээ байна. БНХАУ-аас гадна ОХУ-2, Швед-1, Испани-1, Их Британид-2 коронавирусийн халдвар шинээр бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар нэмж халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн БНХАУ-аас гадна хилийн чанадад нас барсан анхны тохиолдол Филлиппинд бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна эрүүл мэндийн ажилтан халдвар авсан тохиолдол Франц улсад бүртгэгдлээ.

Шведийн батлагдсан тохиолдол нь нэгдүгээр сарын 24-нд Ухань хотоор аялаад ирсэн хүнээс илэрсэн. Тухайн хүний шинэ тэмдэг дөрөв хоногийн дараа илэрсэн байна.

Иймээс Монгол Улсын иргэд сүүлийн 14 хоногийн хугацаанд голомттой бүс нутгаар аялсан бол өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна. Хэрвээ амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 24 цагийн ажиллагаатай 80086829 холбогдохыг зөвлөж байна.

Коронавирусийн дэгдэлтийн мэдээллийг Монгол Улс арванхоёрдугаар сарын 31-нд анх авсан. Түүнээс хойш Монгол Улс халдварын тохиолдол илрээгүй 34 хоногтоо явж байна.

~Уханиас ирсэн оюутнуудаас халдвар илрээгүй!~

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Уханиас Бямба гаригт /2020.02.01/ирсэн 30 оюутан 1 бага насны хүүхэд хүлээн авч тусгаарлаж, тандалт судалгаа, эмчийн үзлэгт оруулж, хянаж ажиллаж байна. Биеийн байдал сайн байна. Тэдгээр оюутнуудын шинжилгээний хариу 2020 оны хоёрдугаар сарын 02-ны 17.00 цагт гарсан бөгөөд коронавирусийн халдвар илрээгүй. Цаашид биеийн байдлыг хянаж, эмчийн үзлэг оруулж, дүрэм ёсоор 14 хоног хяналтад байлгаж байгаад, эмнэлгээс гаргана. Мөн нисэх багийн 15 хүнийг ажиглалтад байлгаж байна. Бямба гаригт Дорноговь аймгийн Замын-үүд боомтоор зорчигчид нэвтрэн орж ирэх үед Эрээн хотод амьдардаг гэр бүлийн 3 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн хяналтад авсан, мөн тэдгээр хүмүүстэй ойр байсан таван хүнийг ажиглалтад авсан. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ иргэдийн гараа сайн угаахаас гадна гар утсаа сайн ариутгахыг зөвлөж байна. Учир нь, хүн өдөрт 150 удаа гар утсандаа хүрдэг бөгөөд гар утасны дэлгэц нь нийтийн бие засах газраас ч илүү бохир байдаг гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байдаг. Иймээс иргэдийг гар утсаа давхар сайтар ариутгахыг зөвлөж байна. Ингэхдээ нүдний шилний нэг удаагийн салфеткаар гар утасны дэлгэцээ арчиж болохоос гадна гар ариутгах бодисийг хөвөнд шингээж утаа ариутгах боломжтой гэв.

Өнгөрсөн 34 хоногийн хугацаанд коронавирусийн сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлаж, эмчийн хяналтад байлгаж, үзлэг хийж ирсэн. 2020 оны нэгдүгээр сарын 09-өөс хоёрдугаар сарын 03 хүртэл нийт 71 хүнийг сэжигтэй тохиолдолоор тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Одоогоор тэдгээр хүмүүсээс коронавирусийн халдвар огт илрээгүй. Эхнээс нь ар гэрт нь хүлээлгэн өгч байна. Уханиас ирсэн оюутнуудыг дүрэм ёсоор 14 хоног тусгаарлана.