Өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулж эхэлснийг шүүмжилж, цар тахлын хамгийн хүнд үе урд хүлээж байгааг анхааруулжээ.
“Улс үндэстэн бүр эв нэгдэлтэй байж, дэлхий даяараа хамтран ажиллахгүй бол цар тахлын хамгийн хүнд хэцүү үе биднийг хүлээж байна. Бидэнд итгэ! Энэ бол хүмүүсийн сайн таньж чадаагүй байгаа вирус” гэж тэр өчигдөр Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Тедрос ингэхдээ коронавирусийн тахал хэзээ оргилдоо хүрэх, хэдэн хүнд халдварлах талаар тоо баримт дурдаагүй юм.
Ази, Европын зарим улсууд халдварын тоо буурч эхэлсэнтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анагаах ухааны мэргэжилтнүүдийнхээ анхааруулгыг үл тоон эдийн засгаа идэвхжүүлэхийг мужуудын захирагч нарт уриалж байгаа.
Тус улсын зарим хотуудад хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал зохион байгуулагдсаныг улс төрийн зорилготой ажиллагаа гэж сэжиглэж байна.
Өнөөдрийн байдлаар Covid-19 өвчний халдварын 2.4 сая гаруй тохиолдол дэлхий даяар бүртгэгдэж, 170,000 орчим хүн нас бараад байна.
Өчигдөр Итали улсад анх удаагаа идэвхтэй эмчлүүлж байгаа Covid-19 өвчтөний тоо буурсан тухай мэдээлжээ.
Тус улсад өчигдөр нийт 108,237 хүн эмнэлэгт болон гэртээ эмчлүүлж байсан нь өмнөх өдрөөс 20-оор буурсан үзүүлэлт юм.
Даваа гарагт Италид 454 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо нь 24,114 хүрсэн байна. Энэ нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох муу үзүүлэлт юм.
Өчигдөр Франц улсад коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 20,000 хүрч, энэ босгыг давсан дэлхийн дөрөв дэх улс болжээ. Одоогоор Францаас гадна АНУ, Итали, Испанид 20,000-аас дээш тооны хүн нас бараад байна.
Гэсэн хэдий ч тус улсын эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй өвчтөний тоо сүүлийн 12 өдөр дараалан буурсан нь хорио цээрийн дэглэмийн үр дүн гарч байгаагийн илрэл гэж Францын засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.
Батлагдсан халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа эхний 10 улсын тоо баримтууд:
Улсууд |
Халдварын тохиолдол |
Эндэгдэл |
Харьцаа |
|
1 |
АНУ |
778,176 |
41,575 |
5% |
2 |
Испани |
200,210 |
20,852 |
10% |
3 |
Итали |
181,228 |
24,114 |
13% |
4 |
Франц |
156,479 |
20,292 |
13% |
5 |
Герман |
146,653 |
4,706 |
3% |
6 |
Их Британи |
125,851 |
16,550 |
13% |
7 |
Турк |
90,980 |
2,140 |
2% |
8 |
Хятад |
83,737 |
4,632 |
6% |
9 |
Иран |
83,505 |
5,209 |
6% |
10 |
Орос |
47,121 |
405 |
1% |
Эх сурвалж: Reuters, Associated Press