Нийслэлийн ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, хот нийтийн аж ахуйн нэгдсэн үйлчилгээг сайжруулах зорилгоор Модны суулгац, судалгаа үрсэлгээний төвийг байгуулсан байна. Ингэснээр сургалт, судалгаа хийх боломжтой төвтэй болж байгаа аж.
Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хавар бүр сурагчид, оюутнууд сургуулиа төгсөж, хонхны баяраа хийдэг. Ёслол баяраа тэмдэглэхдээ илүү үр бүтээлтэй, байгаль орчинд ээлтэй тэмдэглэдэг болгохын тулд төгсөлтийн баяраараа мод суулгадаг зориулалтын талбай гаргаж өгөхөөр болсон. Есөн дүүргийн боловсролын газарт мод суулгац тарих, танхимаас гадуур байгаль экологийн боловсрол олгодог байх боломжийг Гачууртын минж нутагшуулах төвийн ойролцоо, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн чиглэлд гаргаж өгөхөөр болсон” хэмээлээ.
Мөн Улаанбаатар хотын хуурайшилтыг багасгах, саарал ус, далан сувгийг дагасан шар усыг ашиглах замаар хөвд нуур байгуулах ажлыг эрчимтэй эхлүүлжээ. Энэ хүрээнд иргэд аж ахуйн нэгжүүд 1884 га талбайд суулгац үрсэлгээ, төрөл бүрийн ургамал ногоон байгууламжийн ажлыг хийж, нуур хөвд байгуулах боломжтой болжээ. Гэхдээ нэг наст бус олон наст ургамалыг тарж суулгах юм байна. Мод тарих сонирхолтой иргэд аж ахуйн нэгжүүд хүсэлтээ ирүүлсний дагуу газар гаргаж өгөх болно гэдгийг хотын Захирагч онцоллоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс