“Юм бүхэн нэг л иш үндэснээс соёолон ургадаг шиг хүний амжилт бүхэн нэг л эх сурвалжтай. Тиймээс хүн бүхэн анх ямар үндэснээс соёолон ургаснаа хэзээ ч мартах ёсгүй. “Миний өнөөдрийн энэ амжилтанд хүрсэний гол үндэс нь “Smile” салоноос эхтэй. Хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэсэн салоныхоо хамт олон болон чадварыг минь нээж, олонд таниулж өгсөн мастер үсчин, багш Ч.Болдхуяг агсандаа би үргэлж талархаж явдаг. Тиймээс аливаа хүн бүхэн анх хэн байснаа, хэний хүчинд өдий зэрэгтээ яваагаа үргэлж санаж, тэдэндээ баярлаж талархаж явах нь хүн байхын гол утга учир юм болов уу” хэмээсэн Монгол Улсын Мастер Үсчин, “VIDAL” салоны захирал Даваасамбуугийн Одонгоогийн ертөнцөөр…

master-uschin-Odongoo-06
“VIDAL”салоны захирал, мастер үсчин Д.ОДОНГОО

Нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулах энэ эмэгтэйг урлаг соёлынхон илүүтэй сайн мэднэ. Гоо сайхны салбарт үсчний мэргэжлээр тасралтгүй 27 орчим жил ажиллаж, энэ салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар яваа Д.Одонгоогийн амжилтынх нь үндэс нь гэр хэмээн тэрээр онцолсон юм. Гэртээ очоод эр нөхрийнхөө халамжит гэргий нь, үр хүүхдүүдийнхээ үлгэр жишээ болсон сайн ээж, харин нийгэмдээ гараад чадварлаг үсчин Д.Одонгоогийн халуун ам бүлтэй дотно танилцъя.

Үсчний мэргэжилтэй амьдралаа холбосон хувь тохиол…

Улаанбаатар хотын уугуул Даваасамбуугийн Одонгоо хэмээх жижигхээн туранхай шар охин бяцхан зүрхэндээ өөрийгөө бүжигчин юм уу, багшаар төсөөлөн зураглаж байжээ. Арван жилийн сурагч ахуйдаа бүжгээр хичээллэж явсан болохоор ирээдүйгээ ийн бүжигчнээр төсөөлсөн буй за. Харин багшийн мэргэжил хүүхэд бүрт сайхан санагддаг жишгээр Д.Одонгоо багш болохыг битүүхэндээ хүсдэг байсан гэх.

Гэхдээ хувь тавилан түүнийг энэ хоёр мэргэжлийн алийг нь ч эзэмшүүлээгүй. Арван жилийн сургуулиа төгсөх жил сургуульд нь багшийн хоёрхон хуваарь ирж таарсан нь 140 гаруй хүүхдээс эхний дөрөвт жагссан түүний тэр их хичээл чармайлтыг талаар нэг болгосон гэдэг.

Odongoo
Д.Одонгоо “Өнөөдөр дэлхийд өндөр түвшинд хөгжсөн мэргэжил бол үсчин. Социализмынүед үсчний мэргэжлийг ТМС-д сурч төгссөн, дунд мэргэжилтэн хэмээн нэрлэдэг байсан бол одоо энэ мэргэжил дээд боловсролын түвшинд бэлтгэгдэн гардаг болсон. Нэг үгээр, үсчид гэдэг мэргэжлийн уран бүтээлчид шүү гэдгийг 28 жил энэ салбарт ажилласан хүнийхээ хувьд хэлэх ёстой хүн болов уу гэж бодож байна”

Ингээд Д.Одонгоо багшийн сургуулийн хуваарь хүлээн нэг жил гэртээ гараа хумхин хүлээн суухыг хүсээгүй учраас 19 дүгээр хорооллын нэгэн үсчинд туслахаар ажилд оржээ.

Үсчин гэж ямар мэргэжил байдгийг ч мэдэхгүй жаахан охин аз тохиолоор халуун дулаан найрсаг хамт олны дунд орж, тэдний тус дэмжлэгээр энэ сайхан мэргэжлийн зах зухаас суралцаж, энэ мэргэжилд дурлаж эхэлсэн гэдэг.

Үсчний мэргэжлийн амтанд орж эхэлсэн тэрээр 1995 онд ажлын туршлага ахиулахаар тухайн үедээ нэр хүндтэй, олны танил эрхмүүд үсээ даатгадаг байсан “SMILE” салон руу буйраа сэлгэв. Энэ салонд ажилласан гурван жилийн хугацаа түүний амьдралын хамгийн нандин, дурсамжтай цаг үе байсан гэдэг.

19 дүгээр хорооллын үсчинд ажиллаж байхдаа тэрээр Монгол Улсын Мастер Үсчин Я.Замандад шавиар орж, түүнээр үсчин хэмээх эрхэм мэргэжлийн анхны “А” үсгийг заалгуулжээ. Харин Монголдоо төдийгүй дэлхийд чадвараа гайхуулсан мастер үсчин болоход залуурыг нь зөв залж чиглүүлсэн багш нь Монгол Улсын Мастер Үсчин Ч.Болдхуяг агсан юм. Ч.Болдхуяг агсан цагтаа Монголын №1 үсчин хэмээн үнэлэгдэж явсан бөгөөд энэ мундаг үсчний гарынх нь шавь хэмээн түүнийг үнэлж цэгнэж болох. Энэ хоёр эрхэм байгаагүй бол, энэ хоёр чадварлаг үсчинтэй учраагүй бол Д.Одонгоо өнөөдөр Монголдоо нэр хүндтэй чадварлаг үсчин явах байсан нь тун эргэлзээтэй…

~1998 оноос урлаг, соёлынхны “ҮС ЗАСАЛТ”-ын хэв маягийг Д.Одонгоо тодорхойлж ирсэн~

Ханийн итгэл дээр соёолсон амжилт…

Амжилтад хүрсэн хүн бүрийн ард бүдрэхэд нь тосоод авдаг, сайн явахад нь урмаар тэтгэдэг бат найдвартай хань ижил байдаг. Халамжтай, түшигтэй хань нь түүнийг үргэлж дэмжиж ирсэн учраас тэрээр өнөөдрийн энэ өндөрлөгт нэр төртэй хүрч чадсан юм. Амжилтынх нь нэгээхэн хэсэг болсон түүний ханийг С.Сэрээнэн гэдэг.

Автын инженер мэргэжилтэй тэрээр өдгөө хувийн барилгын компанийг толгойлон удирдахын зэрэгцээ үр хүүхдүүдийнхээ хүмүүжилд цаг заваа харамгүй зориулдаг сайн аав аж.

Д.Одонгоо ханьтайгаа “Smile” салонд ажиллаж байхдаа анх танилцжээ. Ханийнхаа найзын үсийг байнга засдаг байсан нь гэр бүлийн хоёрын учрах гүүр нь болсон гэдэг.  С.Сэрээнэнгийнх ам бүл зургуулаа. Эцэг, эхээ асран халамжлах гурван охин, гэр бүл, гал голомтоо сахих нэг хүүтэй.

Д.Одонгоо багш, орчуулагч мэргэжилтэй

Зорьсон зорилготой түүндээ хүрэх эрмэлзэлтэй байна гэдэг сайхан. Д.Одонгоо багш болох багын хүсэл мөрөөдлөө биелүүлж, ажиллахынхаа хажуугаар багш, орчуулагч мэргэжлээр сурчээ.

Ингээд тэрээр “Урлах эрдэм” дээд сургуульд Гоо зүйн багшаар таван жил, мөн “Тахир дутуу иргэдийн хөдөлмөр боловсролын төв”-д таван жил ажиллажээ.

Багшийн алдар шавиас хэмээх үгсийн илэрхийлэл болж, Монгол орны өнцөг булан бүрт нэр хүндтэй шавь нар нь ажиллаж, амьдарч буй. Тэр дундаа үсчний мэргэжлээ зааж сургасан шавь нар нь өдгөө чадвараа олонд таниулсан Монголын нэр хүндтэй үсчид болсон байна.

Тухайлбал, “Matrix” салоны захирал Н.Батжаргал буюу Бачка, “M hair stutio”-ын захирал, үсчин н.Золбаяр, “Хосшагай” салоны Б.Хосбаяр гэх мэт…

 

 

Монголын ууган салоны нэг “VIDAL

19 дүгээр хорооллын үсчнээс ажлын гараагаа эхэлж байсан Д.Одонгоо тун удалгүй бие дааж жижигхэн өрөөнд үсчин ажиллуулж үзжээ. Тухайн үеийн баригдмал, хавчигдсан сэтгэлгээтэй нийгмийг цочроох мэт сонин содон үс засалтуудаараа олныг гайхшруулж, хүмүүсийн овоо хараанд өртөж эхэлснээр өнөөх умгар жижиг өрөөний гадаа уртаас урт дараалал үүсэж эхэлсэн гэдэг. Ингэж тэрээр үсчний салбарт тэсрэлт хийж, өөрийгөө анх олонд таниулж байсан аж.

1998 он. “VIDAL” салоноо үүсгэн байгуулснаар “Smile” салондоо ажиллаж байх үеийн байнгын үйлчлүүлэгчид нь түүнийг зорин ирэх болжээ. Тухайн үеийн урлаг, соёлынхны авангард өвөрмөц шийдэлтэй үс засалт бүгд Д.Одонгоогийн бүтээл юм.

  

Анх салоноо нээж, үйл ажиллагаагаа эхэлсэн тэр цагаас эхлэн зөвхөн орлого олохоо урьтал болголгүй нийгмийн сайн сайхны төлөө давхар ажиллаж эхэлжээ. Энэ нийгмийн төлөө хувь нэмрээ оруулж, өөрийн чадах хэмжээгээр бүтээн байгуулалт хийх ёстой хэмээн боддог тэрээр одоогоос 20 жилийн тэртээ “Содон буян” нэртэй сан байгуулж нийгмийн сайн сайхны төлөөх ажлаа эхлүүлсэн түүхтэй. Энэ хугацаанд үүсгэн байгуулсан сан болон салонтойгоо хамтран 17 мянган хүний үсийг үнэ төлбөргүй зассан байдаг бөгөөд жил бүр энэхүү ажлаа өрнүүлдэг аж.

Түүний нөр их хөдөлмөр, гавьяа зүтгэлийг төр үнэлж, 2006 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, харин энэ жил “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор энгэрийг нь мялааж, цаашдынх нь ажил, уран бүтээлд нь ташуур өгөн урам зориг хайрлажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу