Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр буюу есдүгээр сарын 04-ний өдөр нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, орлогч дарга Х.Булгаа болон тус газрын Хяналт шалгалтын хэлтсийнхэнтэй нийтийн тээврийн үйлчилгээ, цаг үеийн асуудлаар хуралдаж, үүрэг чиглэл өглөө.
Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Нийслэлд 600-650 мянган иргэн нийтийн тээврээр зорчиж байна. Нийтийн тээврээр зорчиж буй зорчигчдын аюулгүй байдал, үйлчилгээ, цэвэрлэгээг сайжруулан ажиллаж буй та бүхэнд баярлалаа. Гэхдээ бидэнд хийж сайжруулах ажлууд нэлээдгүй байна. Өнгөрсөн хугацаанд хоёр давхар автобусыг Монголд анх удаа оруулж ирлээ. Цахилгаан автобусыг Монголд анх удаа туршлаа. Парк шинэчлэлтийн хүрээнд 300 автобус, 200 хүүхдийн автобусаар шинэчлэлтүүд хийгдэх гээд явж байна. Харин энэ одоо байгаа автобуснуудаараа хэрхэн цэвэрхэн, аюул, осолгүй, иргэдэд үйлчлэхэд анхаарч, хяналтаа сулруулахгүй байх хэрэгтэй.
Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан зорчигчийн урсгал нэмэгдсэн. Үүнийгээ дагаад их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлээ улам сайн хийж, тогтмолжуулах ёстой. Өнөөдөр улсын байцаагч нартайгаа хуралдаж байгаагийн нэг гол зорилго бол та бүхэн энэ цэвэрлэгээ, ариутгал дээр тогтмол явцын хяналтаа сайжруулж, хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Би өдөр бүр явцын мэдээллийг авч, автобусуудаар өдөртөө, өглөө, оройдоо зорчиж шалгаж байх болно.
Та бүхнийг 600 гаруй мянган хүнд үйлчилж, нийтийн тээвэрт өдөр шөнөгүй хяналт тавьж ажиллаж байгаад иргэдийн зүгээс талархахаас илүү шүүмжлэх, сэтгэл дундуур байх үеүүд их гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Иргэд, зорчигчдын хувьд ядаж цэвэрхэн, аюулгүй нийтийн тээврээр зорччих юмсан гэдэг. Энэ бол тийм хэцүү шаардлага биш шүү дээ. Сэтгэл байвал хийж болдог гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харлаа. Түүнчлэн бид Ковид-19 гарсан гээд цэвэрлэгээ, үйлчилгээндээ анхаарсан асуудал биш. Өмнө ч гэсэн үндсэн цэвэрлэгээнд анхаарч, сарын аян зохион байгуулж ажиллаж ирсэн. Ковид-19 халдвар дэлхий дахинд дэгдэлт ихэсч байгаа учраас ард иргэдэд нийтийн тээврээр зорчихдоо заавал маск зүүж зорчино гэдгийг сануулах, сэрэмжлүүлэх ажлуудыг сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, 20 гаруй аж ахуйн нэгж дээр нэг нэг байцаагч ажиллаж байгаа гэж ойлгож байна. Үндсэн цэвэрлэгээнд маш сайн анхаарах. Сүүлийн үед үндсэн цэвэрлэгээ муудсан. Үнэхээр ажлаа сайн хийж байгаад нь
хууль, журмынхаа дагуу урамшууллыг нь олгодог болъё. Чадахгүй байгаад нь хариуцлага тооцьё. Энэ бол энгийн зарчим учраас та бүхэн онцгой анхаараарай” хэмээн онцоллоо.
Үргэлжлүүлэн нийтийн тээврийн автобуснуудын өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгалд хяналт тавьж буй шалгалтын талаар НТҮГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндорж мэдээлэл өгөхдөө “Хяналт шалгалтын хэлтэс 20 байцаагчтай ажиллаж байна. Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд өглөөнөөс орой хүртэл хяналт тавин ажиллаж байна. Үүний нэг нь цэвэрлэгээ, ариутгалын ажил. Өдөр болгон цэвэрлэгээний дүн мэдээг нэгтгэн гаргаж байгаа. Цэвэрлэгээний явцад гарч буй зөрчлүүдийг үндсэн 6 чиглэлд авч үзэж байгаа. Ажлын хувцас, амны хаалт, тээврийн хэрэгслийн гадна, доторх цэвэрлэгээ, чиглэлийн хаяг, хог ариутгал болон гар ариутгагч байгаа эсэх зэрэг хяналт тавьж байгаа. Өнгөрсөн тавдугаар сарын 5-аас өнөөдрийн хүртэлх хугацаанд ажлын өдрүүдэд 23 аж ахуйн нэгжид 34 удаагийн шалгалт хийгдсэн. Нийт 950 гаруй тээврийн хэрэгслийг шалгасан. Нийт 17 байцаагч өдөр тутамдаа гарч ажилласан. Нийт зөрчлүүдийн нийтийн тээврийн дийлэнхийг дотор цэвэрлэгээ болон хаягны зөрчил зэрэг гомдлууд эзэлж байна. Ковид-19 халдварын үед дотор цэвэрлэгээнд 2-3 байцаагч хяналт тавьж байна” гэлээ.
Байцаагч нарын зүгээс хяналтын тээврийн хэрэгслийн хүрэлцээ муу байгаа нь өглөө, орой нийтийн тээврийн эх авалт хийхэд хүндрэл учирч байгааг хэлсэн бөгөөд Нийслэлийн засаг даргын орлогч Б.Отгонсүхийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөх болсоноо хэлэв.