Засаг дарга Д.Сумъяабазар дүүргүүдийн удирдлагуудтай уулзалт хийлээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар дээрх гурван дүүргийн Засаг дарга нар 2021-2024 онд зохион байгуулж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцуулга хийв. Мөн энэ онд хэрэгжүүлэх онцлох ажлууд, хүрэх үр дүнгийн талаар танилцуулсан юм.

Энэ үеэр Засаг дарга Д.Сумъяабазар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг  УИХ-аар удахгүй хэлэлцэн батлуулна. Мөн энэ онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийн хүрээнд нийслэл хот төсөв санхүүгийн гарцаа тэлж, бие даасан чадамжтай болох давуу талтай. Мөн 2022 оны нэгдүгээр сараас концессоор буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжлийн том төслүүдийг нийслэлд хэрэгжүүлэх эрх зүйн боломж нээгдэнэ” гэдгийг онцоллоо. Тиймээс нийслэл, дүүргийн удирдлагууд харилцан уялдаа холбоотой ажиллан, хөгжлийн томоохон төслүүдээ төлөвлөхийг үүрэг болгов.

 

Тэрбээр “Хот бол бизнес, эдийн засгийн төв байх ёстой. Тиймээс төлөвлөлтөд онцгой анхаарч, замбараагүй, төлөвлөлтгүй, стандартгүй байдал Улаанбаатарт байх ёсгүй” хэмээв.

Мөн нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчид бүх түвшиндээ ёс зүй, хариуцлагатай байж, албан үүрэгтээ хариуцлагатай хандахыг тэрбээр анхааруулав. Тэр дундаа төрийн дунд шатны албан хаагчдын хандлага, ёс зүйд шаардлага тавьж, иргэдэд үйлчлэх үүргээ   сахиж ажиллах ёстойг сануулав.

Дүүргүүдийн хөгжлийг зөвхөн өөрсдийнх нь нөөц бололцоонд тулгуурлалгүйгээр нийслэлээс онцгойлон анхаарч, дэмжиж ажиллахаа хотын дарга хэлсэн юм.

Засаг дарга Д.Сумъяабазар Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн удирдлагуудтай мөн үргэлжлүүлэн уулзалт хийх юм.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

TAGS: