Д.Сумъяабазар: Халдварын голомтуудыг хумьж, Улаанбаатар хот эрүүл бүс болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг дүүргээр нь “самнах” байдлаар амжилттай зохион байгуулж байна. Энэ ажлын үр дүнд халдварын шинэ тохиолдлуудыг тандан илрүүлж, Улаанбаатар хотыг халдваргүй бүс болгохоор ажиллаж буй. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зай дүн шинжилгээны багийн мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд хийсэн шинжилгээнүүдийн батлагдсан тохиолдлуудыг нэгтгэн судалсан. Улмаар халдварын шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудыг нарийвчлан хороо тус бүрээр гаргасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцуулав.

Вакцинжуулалт  бүрэн дуустал бид  ковидтой зэрэгцэн  амьдрах эрсдэлийн

менежментийн төлөвлөгөөг батална

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлэхдээ “Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээ зохион байгуулалт сайтай үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, төр засгийнхаа шийдвэрийг даган биелүүлж байгаа иргэддээ баярлалаа. Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 23-наас суллахаар төлөвлөн ажиллаж байгаа. Шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тодорхойлох, шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудын тооцооллыг технологийн дэвшил ашиглан гаргасан.Уг мэдээллүүдийг нэгтгэн УОК-ын шуурхай штабт танилцуулна гэлээ.

Нийслэлийн өрх бүрийг шинжилгээнд хамруулсны дараа вакцинжуулалтын ажил эхлэх бөгөөд Улаанбаатар хот, бусад дүүргүүдийн хувьд төр, засгийн зүгээс гаргаж буй шийдвэр, үүрэг чиглэлийг биелүүлэх арга туршлагатай болсон гэдгийг Засаг дарга Д.Сумъяабазар мөн тодотгов. Гол нь халдварын голомтуудаа хумьж, Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн энгийн амьдралдаа шилжих, бизнесүүдээ дэмжиж, ажлын байрыг хадгалах арга хэмжээг яаралтай авах ёстой гэдгийг мөн онцоллоо.

Засаг дарга Д.Сумъяабазар “Вакцин орж ирсэн ч нэг хэсэгтээ бид ковидтой зэрэгцэн ажил, амьдралаа зохицуулж явуулах эрсдэлийн менежментийн төлөвлөгөө гаргах шаардлагатай болж байна. Удахгүй 57 чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг зохицуулах тусгай журам гарна” гэлээ.

 

Лабораторын хүчин чадлаас хамаарч шинжилгээний хариу бага зэрэг

удаашрах тохиолдол байна

 

Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд чатбот үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. Тухайлбал “Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод энэ сарын 11-нээс иргэд шаардлагатай мэдээ мэдээллээ автомат хариулагч болон мэдээллийн ажилтантай холбогдох хэлбэрээр авч эхэлсэн.

Түүнчлэн өнөөдөр Чингэлтэй дүүрэгт зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явцын талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис мэдээлэл өглөө. Тэрбээр “Чингэлтэй дүүргийн иргэд шинжилгээнд маш идэвхтэй хамрагдаж байна. Дүүргийн хэмжээнд явуулын 61 баг, суурин 10 цэгт шинжилгээ авч байгаа.  Одоогийн байдлаар 21,700 өрх айлаас шинжилгээг авсан. 17:00 цаг гэхэд төлөвлөсөн бүх өрхийг  хамруулж дуусах дуусах төлөвтэй байна” гэв.

Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хариу ямар хугацаанд гарч байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Сорьцуудыг шинжлэх лабораторын хүчин чадлаас хамаарч хариу бага зэрэг удаашрах тохиолдол байна. Гэхдээ товлосон хугацаанд  хариуг гаргахаар  ажиллаж байгаа” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ  ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

TAGS: