Х.Нямбаатар: Т.Чимгээг мансууруулж, хурууны хээг нь авч буй “БИЧЛЭГ”-ийг нууцаас гаргалаа

nyambaatar
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээтэй холбоотой зарим баримтыг нууцаас гаргажээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж, нууцаас гаргасан асуудалтай холбоотой бичлэгийн зарим хэсгийг олон нийтэд дэлгэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,

“2019 оны гуравдугаар сарын 26-ны Засгийн газрын 115-р тогтоолоор ялтан Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн зарим бичлэгийг ил болгож олон нийтэд мэдээлсэн. Энэ хэрэг материал ил болсны дараа Чимгээ, Содномдаржаа, Булган нарыг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаанд эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, тухайн үед ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорт яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн байгаа. 2019 оны наймдугаар сарын 12-19-ний өдөр анхан шатны шүүх хурал болж, хэргийг прокурорт буцаасан. Үүнээс хойш хэргийн оролцогч нарын зүгээс хэргийн хянан шалгах ажиллагаанд маш олон удаагийн хүсэлт гаргаж, шүүх хурлыг хийлгэхгүй байх процесс явагдсан. Энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал зургаан удаа болсон ч өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдэхгүй байгаа. Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүсэн гэдэг баримт нь ил болж, тодорхой байхад Монголын шүүх шийдэж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Үндсэндээ шүүх Б.Хурц нарын хэдхэн хүнд дийлдэж, эрүүдэн шүүсэн яргын хэрэг шийдэгдэж чадахгүй байна. Засгийн газрын үндсэн чиг үүрэг бол гэмт хэрэгтэй тэмцэх. Засгийн газар гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг олон нийт ч харсан учраас энэ асуудлыг шүүх хурдан шийдэх ёстой гэдэг байх суурьтай байгаа учраас Засгийн газрын тэргүүн энэ асуудлаар ялтан Чимгээтэй гуравдугаар сарын 8-ны өдөр уулзсан.

~Т.Чимгээг мансууруулж, хурууны хээг нь авч буй “БИЧЛЭГ”-ийг нууцаас гаргалаа~

Чимгээ, Содномдаржаа нарын холбогдсон хэргийн эцсийн шатны шүүхийн шийдвэр гарсан. Засгийн газар шүүхийн шийдвэр зөв, бурууг шүүх эрхгүй, тийм ч боломжгүй. Харин хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасан дөрвөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болно. Дөрвөн үндэслэлийн хоёрт нь, шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол гэсэн үндэслэл байгаа. Эдгээр үндэслэлээр прокурорын байгууллагад шүүхэд шийдвэрийг хүчингүй болгоё гэж бичих бүрэн боломжтой.

Учир нь, хүний эрх маш ноцтой зөрчигдөж, хилсээр хүмүүс шүүхээр шийтгэгдэж, 20 жилийн ял авсан байх үндэслэл эрүүдэн шүүлтийн явцад тогтоогдсон. 2014 оноос эхлээд Чимгээг Амгаланбаатараар дарамтлуулдаг, хориход ял эдэлж байсан бусад хүмүүсээр дарамтлуулдаг. Өөр нэг этгээд Чимгээтэй байнга холбогдож зөвлөгөө өгдөг байсан. Одоо үзүүлэх бичлэгт ялтан Т.Чимгээд мансууруулах бодисыг маш бага тунгаар хэрэглэж, ухаан мэдрэлгүй болонгуут нь хувцсыг тайлж, бүх талаас нь зургийг нь авч гэр бүлийнх нь хүн рүү явуулж, хуруу, гарын хээг нь авч, бусад хууль бус үйлдлүүд хийсэн нь баримтаар нотлогдож байна. Энэ бичлэгийг нууцаас гаргаж, олон нийтэд ил болгож байна. Ялтан Чимгээ өөрөө мөн зөвшөөрсөн байгаа.

Энэ бүхэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, дээр нь Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг маш ноцтой зөрчсөн асуудал юм” гэв.

https://fb.watch/49bGKdqXJE/