Монголын Оюун ухааны академи гэдгийг сонсоогүй монгол хүн гэж бараг үгүй биз ээ. Үгүй ядах нь ээ, монгол хүүхэд, залуус тив дэлхий, олон улсын чанартай тэмцээн бүрт үргэлж түүчээлэн, тэргүүн байрыг нь хүртэж явааг нь дуулсан байх учиртай.
Тэдний ийн амжилт дагуулан, эх орныхоо нэрийг дуурсгадаг тэмцээнийг товчоор хэлбэл “тархины өрсөлдөөн” буюу оюуны спорт гээд байгаа юм. Шоог минут ч хүрэхгүй хугацаанд эвлүүлэх, олон хөзрийг ганц хараад л тогтоон, дэс дарааллаар нь нэрлэх, олон оронтой тоог чээжээр үржүүлэн хуваах гээд түүний ангилал, төрөл арвин.
Энэ талын мэдлэг, чадварыг өөртөө суулгаж, эргээд хойч ирээдүй болсон хүүхэд залуустаа зааж, сурган яваа хүн бол тус академийн захирал Х.Хатанбаатар.
Харин Х.Хатанбаатар дөрөвдүгээр сарын 8-нд зохион байгуулагдах болох “2021 Worlds” Спорт өрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Masters-2” буюу 35-44 насны ангилалд өөрийгөө дахин сорихоор зэхэж байгаа аж. Танд амжилт хүсье.