Хөдөлмөрийн насны хүмүүсийн хомсдлын улмаас Японд гадаад ажилчдыг илүү ихээр татах зорилгоор цагаачлалын шинэ хууль хэрэгжиж байна. Хуулийн дагуу тус улс гадаадын ажилчдад хоёр төрлийн виз олгоно.
Эхнийх нь мэргэжлийн ур чадвартай ажилчинд сувилахуйн тусламж үйлчилгээ, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй гэсэн 14 чиглэлээр тав хүртэл жилийн виз олгоно. Үүгээр Японд ажиллах гадаад хүмүүс өдөр тутмын хэрэглээний ярианы шалгалт өгөхөөс гадна тухайн үйлдвэрүүдэд ажиллах техникийн шалгалтад орно.
Сувилахуйн тусламж, зочид буудал, рестораны салбарын шалгалтууд энэ сарын сүүлчээр болох товтой байгаа юм байна. Хэрэв тэд тодорхой нөхцөл хангасан бол гурван жилийн техникийн сургалтад хамрагдсан хүмүүс мөн нэгдүгээр ангиллын виз авна.
Энэ дагуу Японы Хууль зүйн яамнаас гадаадын зарим ажилтан нэгдүгээр ангиллын визийг 4 дөрөвдүгээр сарын эхнээс авч эхэлнэ гэж үзэж байна. Мөн Японы Засгийн газрын тооцоолж байгаагаар 2020 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх санхүүгийн жилд 47 мянган гадаад ажилтан тус улсад ажиллаж, амьдрах зөвшөөрөл авахаар байна.
Харин хоёрдугаар ангиллын виз нь нэгдүгээр ангиллын виз хүсэгчдээс илүү ур чадвартай ажилтан тав хүртэл жил гэр бүлээ авчран Японд ажиллаж амьдрах боломжтой байхаар хуульд заасан юм.
Цагаалчлалын шинэ хууль хэрэгжиж эхэлж байгаа тул Японы Засгийн газар хөдөлмөрийн зуучлагч компаниудад үүнтэй холбоотой авлигыг хориглох зорилгоор хамтран ажиллан санамж бичгийг есөн улстай байгуулах гэж байгаа юм байна. Гэвч одоогоор үүнд Филиппин тэргүүтэй нийт дөрвөн улс энэ санамжийг байгуулжээ.