НЗДТГ-ын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын танхим, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-тэй хамтран “Нийслэлийн төсөв-Иргэдийн оролцоо” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төсвийн мэргэжилтнүүд, иргэний нийгэм, иргэдийн төлөөлөл оролцжээ.
Тус сургалтаар иргэдийн оролцоот төсөвлөлтийн олон улсын туршлагаас танилцуулж, Улаанбаатар хотод иргэдийн оролцоог бүрэн хангахад тулгамдаж буй асуудал хийгээд түүнийг шийдэх боломжуудыг хэлэлцэж, иргэдийн оролцоот төсөвлөлтийн загвар цахим платформыг ашиглан дасгал ажил хийлээ.
Сургалтыг удирдан явeулсан БНОУХ-гийн Засаглал, авлигын эсрэг олон улсын хөтөлбөрийг хариуцсан ахлах менежер Эггиар Лизундиа “Өнөөдрийн энэ сургалт бол авлигын эсрэг НЗДТГ-ын санаа санаачилгыг дэмжиж, ил тод байдал, сайн засаглалыг хөгжүүлэхээр 2014 онд эхэлсэн БНОУХ-гийн хөтөлбөрийн үйл ажиллагаа юм.
Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийн оролцоог үр дүнтэй явуулахыг зорьж буй бөгөөд уг сургалт маань ашиглагдахуйц хэрэгтэй мэдээ мэдээлэл, арга хэрэгслийг танилцуулсан гэж итгэж байна” гэж хэллээ.
БНОУХ нь Монгол Улсад авлигатай тэмцэж, сайн засаглалыг хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод Авлигад өртөх эрсдэлийн үнэлгээг 2014, 2018 онд хийсэн бөгөөд уг судалгааны үр дүнд үндэслэн, нийслэлийн авлигын эсрэг стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд ил тод хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилттой уг сургалтыг зохион байгуулсан аж.