Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран өнгөрөгч зургадугаар сард “Яараад яах вэ” аяныг зарласан. Энэхүү аян үр дүнгээ өгч аяны хугацаанд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар буурч, амь нас нь хохирсон хүн 11 нэгжээр буюу 21.7 хувиар буурсан, харин гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан дүн гарсан.
Харин энэ удаад Цагдаагийн ерөнхий газар, ТЦА, Зам тээврийн хөгжлийн яам, НЗДТГ, “Оюутолгой” ХК хамтран “Дураараа биш дүрмээрээ” аяныг эхлүүлж буйгаа өнөөдөр /2019-09-24/ мэдээллээ. Энэхүү аянаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор эхлүүлж буй аж.
Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар бие биендээ хүндэтгэлтэй хандах, дүрмээрээ зорчиж, замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлэх шаардлагатай. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл 38 хувиар буурна гэдгийг ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат хэллээ.
Жолооч нар:
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх
- Хурд хэтрүүлэхгүй байх
- Хамгаалах бүсээ зүүж хэвших
Дээрх гурван асуудалд анхаарал хандуулах юм бол зам тээврийн ослыг 50 хувь бууруулах боломжтой гэдгийг албаныхан анхааруулж байна. “Дураараа биш дүрмээрээ” аяныг хоёр сарын хугацаанд зохион байгуулах аж. Дүрмээр соёлыг тогтооно гэдгийг энэхүү аянаар уриалж байна.
Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд сая гаруй зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний 72 хувь нь нийслэлд 27 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Дураараа биш дүрмээрээ” аяны гол зорилго нь осол гарсны дараа биш осол гарахаас өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа аж.
Ослын шалтгааныг авч үзвэл жолооч нар дүрмээ биелүүлдэггүйгээс ихэвчлэн гардаг байна. Тухайлбал гэрлэн дохио шилжчихээс амжиж уулзвар нэвтрэх гэж яараад зам тээврийн осол гаргадаг. Улмаар тухайн уулзвар дээр өдөржин түгжрэл үүсэх тохиолдол байдаг аж. Тиймээс дүрмээрээ хөдөлгөөнд оролцох нэн шаардлагатай байгаа аж.