2019-10-07

Ховд аймагт хадлан тэжээлийн бэлтгэл 79.1 хувьтай байна

hadlan-tejeel-howd-2019
Ховд аймагт хадлан тэжээлийн бэлтгэл 79.1 хувьтай байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле, МААХБЗГ-ын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, МЭЕГ-ын мэргэжилтэн Г.Ганзориг нар Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт ажиллав.

Ховд аймагт 2019-2020 онд 91 багийн 8424 малчин өрхийн 3155,3 мянган мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ гарсан байна. Аймгийн нийт багуудын нутгаар бэлчээрийн даацын хэмжээг тодорхойлсон байдлаар гаргахад:

  • 24% нь (бэлчээрийн нөөцтэй)
  • 13% нь (бэлчээр хүрэлцээтэй)
  • 29% нь (даац 1-3 дахин хэтэрсэн)
  • 9% нь (даац 3-5 дахин хэтэрсэн)
  • 25% нь (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.

Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул сум, орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Ховд аймаг малчдын төвшинд 61,6 мянган тн өвс, 4,0 мянган тн тэжээл, 7,7 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэйгээс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар 48,7 мянган тн өвс, 1006,6 тн гар тэжээл, 1705,5 тн хужир шүү бэлтгэсэн байна.

Хадлан бэлтгэл 79,1 хувьтай байна. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар сумууд аюулгүйн нөөцдөө нийт 118 тн өвс, 6 тн тэжээл бэлтгэж дунджаар 7,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Аймгийн аюулгүй нөөцөд 155 тн тэжээл бэлэн байна.

Намрын ургац хураалтын үйл ажиллагаанд 280 гаруй бага, дунд оврын трактор, 180 гаруй хөдөө аж ахуйн машин механизм, 3000 гаруй тариаланчид ажиллаж байна.

Ургац хураалтын явцын мэдээгээр 9 сарын 10-ний байдлаар төмс 135.6 га-гаас 1466.2 тн, хүнсний ногоо 272.5 га-гаас 3204.5 тн, малын тэжээл 243.5 га-гаас 1049.5 тн, нийт 5719.7 тн ургац хураан авсан дүнтэй байна.