Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүллээ.
Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд навчит болон шилмүүст мод тарьж, намрын цэнэг усалгааг хийлээ.
Энэ жил дээрх байршилд 100 га талбай хамарсан 80.000 ширхэг суулгац бүхий ойжуулалтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд нийслэлчүүдийн ундны усны нэг гол эх үүсвэр болсон уг газрыг ойжуулснаар хөрс бохирдох, хөрсний доройтол, цөлжилт явагдахаас сэргийлж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд нийт 16.107 мод таригдсан бөгөөд 5.622 иргэн 506 аж ахуйн нэгж байгууллагууд оролцон ажиллалаа.