Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хөгжим эмчилгээний үр дүнг танилцууллаа.
2017 онд ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн Сэргээн засах эмчилгээний тасаг нь эх барих практикт хөгжимийн эмчилгээг нэвтрүүлсэн юм. Үүнээс хойш 3 жилийн хугацаанд 4013 жирэмсэн эхчүүд, эмэгтэйчүүдэд 8925 удаагийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ. Мөн тус тасгаар үйлчлүүлсэн жирэмсэн үеийн сэтгэлзүйн хямрал, нойрны хямралтай амбулатори, стационарт эмчлүүлж буй 156 жирэмсэн эхчүүдийг судалгаанд хамруулжээ. Судалгааны дүнд эмэгтэйчүүдийг 7-20 хоног хөгжим эмчилгээнд хамруулсны дараа Эдинбургийн шалгуураар үнэлэн үр дүнг тооцоход дундаж оноо 3,5-аар буурч эмчилгээ эерэг нөлөө үзүүлсэн байна. Тиймээс энэ оноос эхлэн дутуу төрсөн нярайд хөгжим эмчилгээ хийх ажлыг төлөвлөжээ.