Бидний ээлжит зочноор “Сураггүй болсон бүсгүй” номын орчуулагч С.Одонтуяатай ярилцлаа. Та бүхэн уг номын киног (Gone Girl) үзэж байсан бизээ.
Сайн байна уу? Танд юуны түрүүнд баяр хүргэе!
Сайн сайн байна уу? баярлалаа
Яагаад “Сураггүй болсон бүсгүй” номыг орчуулах болсон бэ?
Анх “ТОГТОХ ТРЕЙД” ХХК-ны захирал Ч.Мэргэн, Б.Соёл-Эрдэнэ нар энэхүү номын эрхийг аваад орчуулга хийх үү гэсэн саналыг тавьж байсан. Надад тухайн үед хэцүү шийдвэр байсан, учир нь би 23хан настай тэр том зохиолыг орчуулж чадах болов уу ? мөн санал тавьсан хүмүүсийн итгэлийг алдахвий гэсэн бодлууд надад шийдвэр хэцүү байсан. Гэхдээ оролдоод үзье гэж шийдсэн. Одоо уншигч нарын гар дээр очсон, уншсан хүмүүсээс эерэг сэтгэгдэл ирээд маш сайхан байна. Санал тавьсан хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.
Хэр хугацаанд орчуулсан, орчуулга хийхэд хүндрэл тулгарч байв уу?
Энэ бүтэн нэг жилийн ажил болсон, эхлээд орчуулгаа эхэлсэн. Мэдээж орчуулга хийхэд хүндрэлтэй үе байсан. Учир нь миний анхны номын орчуулга шүү дээ. Зарим тохиолдолд англи үгээ ойлгоод байгаа хирнээ монгол үгэнд буулгахад хүнд байсан яагаад гэвэл манай хэл чинь үгийн баялагтай учир яг аль үгээр орчуулж буулгах гээд л асуудлуудтай тулгарч байсан. Гэхдээ номын гарч буй үйл явдал, санаанд ч оромгүй, төсөөлөөгүй үйл явдлууд намайг улам орчуулах сэдэл төрүүлж, хурцалж байсан. Орчуулж дууссаны дараагаар редактортаа өгч хянуулсан тэгээд эцэст нь хэвлэлтэд өгөхөөс өмнө уншлага хийснээр хэвлэлтэд өгөөд нийтдээ нэг жил болсон доо.
Англи хэлийг хэрхэн сурсан бэ?
Аав ээж минь намайг бага байхад англи хэлний сургалтад суулгаж байсан. Тухайн үед суурийг нь маш сайн тавьж өгсөн юм болов уу гэж боддог. Мөн манай эгч АНУ-д амьдардаг байсан бидэн луу маш их ном явуулдаг байсан. Би явуулсан бүх номонд нь дуртай бүгд англи хэл дээр байсан учир миний англи хэл сайжирхад нөлөөлсөн байх. Эгчдээ маш их баярлаж явдаг шүү.
Номоо хэвлэлтээс авахад ямар мэдрэмж авч байв ?
Маш сайхан мэдрэмжийг авч байсан. Итгэж өгөхгүй байсан /инээв/ гэрийнхэндээ анх номын орчуулга хийж байгаагаа дуулгаагүй байсан. Номоо хэвлэлтээс аваад
гэрийхэндээ утсаар хэлсэн чинь тийм ч их сэтгэл хөдлөл гараагүй “өө тийм үү баяр хүргэе” гэсэн. Номоо аваад гэртээ хариад үзүүлсэн чинь бүр маш их баярлаж, надаар бахархаж байсан гэрийнхэн минь.
Маргаашийн болон цаашдийн төлөвлөгөө?
Энэ нэг жилийн хугацаанд би маш их зүйлийг сурч мэдэж авлаа. Намайг дэмжсэн итгэл үзүүлсэн бүх хүмүүстээ баярлаж байна. Цаашдаа үргэлжлүүлэн сурна даа, эхний номоо орчуулсан чинь дахин өөр ном дээр ч ажиллах нууцхан хүсэлтэй болсон шүү /инээв/
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!
Баярлалаа та бүхэнд ч мөн амжилт хүсье!