2019-11-22

Санхүүгийн зохицуулах хорооны даргад Д.Баярсайханыг томиллоо

bayrsaikhan-sanhuu-zohitsuulah-horoo
Санхүүгийн зохицуулах хорооны даргад Д.Баярсайханыг томиллоо

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.22) хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэн, энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны шатлан дэвших зарчмыг үндэслэн эдийн засгийн мэдлэг, туршлагыг харгалзан үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргад Дэмбэрэлдашийн Баярсайханыг нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд тус хорооны даргыг УИХ-ын дарга нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилно хэмээн заасан байдаг. Хорооны даргад тавигдах шаардлагыг дээрх хуульд тодорхой тусгасан байдгийг УИХ-ын дарга тэмдэглэн хэлсэн.

Төрийн албаны тухай хуулинд Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь төрийн тусгай албан тушаалтан байхаар заасан бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нэн тэргүүнд сонгох зарчмыг баримтлахаар хуульчилсан байдаг. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын даргын зүгээс шатлан дэвших зарчмыг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж буй Д.Баярсайханыг хорооны даргаар томилуулах саналаа танилцуулж байна гэв.

~Санхүүгийн зохицуулах хорооны даргад Д.Баярсайханыг томиллоо~

Нэр дэвшигч 1975 онд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд тус тус дүүргэсэн байна. Түүнчлэн АНУ, ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн юм.

УИХ-ын даргын танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, З.Нарантуяа, Д.Оюунхорол нар нэр дэвшигчээс асуулт асууж, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай холбоотой саналуудаа хэлэв. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүний 46 гишүүний 35 нь буюу 76.1 хувийн саналаар Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилох тухай УИХ-ын тогтоол батлагдав. Иймд УИХ-ын дарга дээрх тогтоолыг уншиж, эцсийн найруулгыг танилцуулсан юм.