Анхлан “Киви” хамтлагийн дуучнаар олонд танигдсан бүсгүй бол Э.Энхзол. Чадалтай, өвөрмөц хоолойтой энэ гоо бүсгүй бие даан уран бүтээлээ хийгээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэрээр хувцас загварын тал дээр өндөр мэдрэмжтэй нэгэн. Ингээд энэ удаагийн “Гоо танил” булангаар олон талын авьяастай Э.Энхзолын гоо сайхнаа хэрхэн арчилж торддог талаар хүргэж байна.
Нэр: Эрдэнэбат овогтой Энхзол
Сошиал хуудсууд:
FB: Enkh Zol
IG: Enkhzol
Холимог арьс арчилгаа их шаарддаг…
Э.Энхзол өөгүй цэвэрхэн, толигор, гэгээ татсан арьстай. Энэ сайхан арьсны нууц юунд оршдог юм бол хэмээн уншигч бүсгүй та бодож байгаа бол тэрээр үүнийгээ маш сайн арчилгааны үр дүн гэж тайлбарлалаа.
Холимог арьсанд маш их арчилгаа, цэвэрлэгээ шаарддаг.
Өмнө нь Э.Энхзол хөөсөн нүүр угаагчаар арьсаа цэвэрлэж угаасны дараа тос түрхээд л унтдаг байсан нь арьсыг бүрэн цэвэрлэж чаддаггүй гэдгийг ойлгож, одоо гурваас дөрвөн үе шаттайгаар арьсаа цэвэрлэдэг болсон аж.
Ингэж сайн цэвэрлэсний дараа арьс илүү толигор, гөлгөр, гэрэл гэгээтэй болж ирдэг байна.
Арьс арчилгааг дараах дарааллын дагуу хийнэ
~ Эхлээд нүүрээ усаар сайн шавшина. Үүний дараа маш сайн хөөсөрдөг нүүр цэвэрлэгч савангийн хөөсөөр нь нүүрээ угаана.
~ Угааж дуусаад нүүрээ хөнгөхөн арчсаны дараа нүүр цэвэрлэгч сүүн шингэнээр арьсандаа иллэг хийх маягаар цэвэрлэнэ. Ингээд нүүрэн дээрх сүүн шингэнээ нүүрний тусгай сальфетикаар арчиж авна. Энэ нь нүүр угаахад бүрэн цэвэрлэгдээгүй бохирдол, будгийг гүн цэвэрлэж өгнө.
~Үүний дараа цэвэрлэгээний тоникоор арьсаа цэвэрлэж арчина. Энэ нь мөн бүрэн цэвэрлэгдээгүй бохирдлыг цэвэрлэж өгнө.
~Ингэж гурван дарааллаар арьсаа бүрэн цэвэрлэсний дараа тосоо түрхдэг.
~ Долоо хоногтоо 2-3 удаа арьсандаа тэжээл өгөх зорилгоор чийгшүүлэгч маскыг тогтмол тавьдаг. Маскаа угаасны дараа зовхины тос, эссэнз зэргээ түрхээд, чийгшүүлэгч тосоо түрхээд унтдаг.
~ Гоо сайханд орохоос илүү өөрөө гэртээ арьсаа арчлахыг эрхэмлэдэг тэрээр долоо хоногтоо нэг удаа массажны тосоор нүүрэндээ иллэг хийдэг.
Хийж идэх дуртай салатны жор…
Угааж цэвэрлэсэн тал уут бууцайг бага зэргийн жижиглэн хэрчсэн саримстай хамт хуурч идэх их дуртай.
Бууцай нь олон төрлийн амин дэмээр баялаг учир байнга хоолныхоо хачир болгон хэрэглэвэл нэн тохиромжтой юм байна.
Ер нь, ногоон өнгийн ногоо нь хүний эрүүл мэндэд маш тустай.
Гоолиг биеийн нууц…
Татгалздаг хоол хүнс: Чихэрлэг болон давс ихтэй хоол хүнс байнга хэрэглэх нь таргалалтын гол эх үүсвэр болдог. Тиймээс Э.Энхзолын хувьд энэ төрлийн хоол хүнснээс гадна цагаан гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, төмс зэргээс татгалздаг байна.
Байнга хэрэглэдэг хоол хүнс: Мах багатай, ногоо ихтэй хоол хүнсийг эрхэмлэдэг бөгөөд өөх тос багатай, шинэхэн ногоонуудаар баялаг хоолыг байнга хийж иддэг. Мөн шинэхэн жимсний шүүсийг нь шахаж, жинхэнэ fresh juice-ийг өдөр тутам хэрэглэдэг байна.
Өдөр тутамдаа идэж байгаа хоолтойгоо шинэхэн ногооны салатыг хачир болгон хэрэглэх дуртай.
Жингээ барьж байх үеийн өглөөний цай нь том аягаар цэвэр ус уухаас эхэлдэг байна. Үүний дараа ямар ч элсэн чихэргүй хар кофе уудаг гэлээ.
Иогийн гайхамшиг…
Түүний гоолиг сайхан бие галбирынх нь өөр нэг нууц нь Иог ажээ. Тэрээр иог, бясалгалаар анх 2006 оноос эхлэн хичээллэж эхэлсэн бөгөөд бясалгал хийх маш их дуртай гэнэ Бясалгалыг йогийн хичээлтэй хослуулан хийж эхлэхэд сэтгэл санаа, бие махбод амрахаас гадна эрүүл мэндэд маш их тустай гэдгийг өөрийн биеэрээ мэдэрсэн гэнэ.
Ялангуяа, нийгмийн энэ их стресс, бухимдлаас өөрийгөө хамгаалъя, дархлаатай болъё гэж байгаа бол йог, бясалгал туслах болно гэдгийг тэрээр уншигчдад маань зөвлөв.
Гоо сайхан гэж юуг хэлэх вэ?
Тэрээр гоо сайхан гэдэг ойлголтыг гаднаас нь бус, дотоод мөн чанартай нь холбон ойлгодог гэлээ. Өөрөөр хэлбэл, хүн дотроосоо сайхан байж чадвал, цаанаасаа л гэрэлтэж, сайхан болдог хэмээсэн юм. Харин энэхүү дотоод гоо сайхныг йог, бясалгалаас олж авч чадна хэмээн тэрээр зөвлөв.
Э.Энхзол “Надад царайлаг хүнээс илүү цэвэрхэн, сайхан арьстай хүн таалагддаг. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шиг арьс сайхан бол зүс сайхан гэж боддог. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч гэсэн арьсаа сайн арчилж чадвал залуу сайхан харагдах боломжтой” хэмээн хэлсэн юм.