2019-12-30

Д.Баттөр: Иргэний нисэхийн салбараас мэргэжлээ сонгох “БОЛОМЖ”-ыг олгоно

Miat-Battor-02
МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр

МИАТ компани үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, цаашлаад хүүхэд залууст нисэхийн салбарын талаар ойлголт өгч, ирээдүйд мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор “МИАТ аялал”-ыг зохион байгуулсан билээ.

Энэхүү аялалд цэцэрлэг, сургууль болон байгууллага, хамт олон хамрагдах боломжтой бөгөөд болсон анхны аялалд сэтгүүлчдийг хамруулсан юм.

МИАТ компани 2018 онд 2,294 удаагийн аяллаар 717,000 зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь 2017 оноос 16% өссөн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн онд төсөвт 30 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Түүнчлэн тийзийг цахимаар худалдах, self-check-in буюу өөрөө бүртгүүлэх зэрэг цахим систем нэвтрүүлснээр зорчигчдын цаг, үйлчилгээний ачааллыг бууруулсан байна. Түүнчлэн анх удаа гадаад руу буцаж байгаа онгоцны бүрэн үзлэгийг хийж гүйцэтгэсэн зэрэг шинэ ажлуудаа танилцуулсан юм.

~Хүүхэд залуучуудад иргэний нисэхийн салбараас мэргэжлээ сонгох БОЛОМЖ олгоно~

Шинэ буудал руу нүүж, шинэ ажлууд хийснээр зардал нь өсөж байгаа ч боломжтой зардлуудаа бууруулах замаар 10%-д тогтоож байгаа бөгөөд тийзний үнийг нэмэхгүйгээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөснөө МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр ярьсан юм.

МИАТ компани нислэгийн тоогоо гурваар нэмэхээр төлөвлөжээ. Үүнд Осакагийн чиглэлд үйлдэх нислэгээ сэргээхээс гадна Гуанжоу, Шанхайн чиглэлд зуны хуваариар нисэхээр бэлтгэл ажилаа хангаж байгаагаа хэлсэн юм.

МИАТ аяллын хүрээнд хүүхэд багачууд, олон нийт МИАТ компанийн төв байр, сургалтын төв, салбарын музей, Олон улсын зорчигч үйлчилгээний төв, сургалтын онгоц, засварын төв зэрэгтэй танилцах боломжтой.