2019-04-17

Парисын Дарь Эхийн сүмийг таван жилийн дотор дахин босгоно

Notre Dame

Даваа гарагийн орой 850 жилийн түүхтэй Парисын алдарт Дарь Эхийн сүм гал түймэрт шатаж, ихээхэн хохирол амссан билээ. Сүмийг таван жилийн дотор сэргээн босгохоо Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр амлажээ.

Франц даяар сэргээн босгох үйлсэд зориулсан хандивын аян өрнөж, 24 цагийн дотор нийтдээ $730 саяын хөрөнгийг томоохон компаниуд, бизнесмэнүүд амласан байна. Үүний бараг талыг буюу $340 саяыг нь Францын баячуудын жагсаалтад нэг ба хоёрдугаарт ордог эрхмүүд амлажээ.

Форбс сэтгүүлийн мэдээлснээр $92 тэрбумын хөрөнгөтэй Бернард Арно Францын тэргүүн баянд тооцогддог бол $35 тэрбумын хөрөнгөтэй Франсуа Пино дэд баянд тооцогддог. Арногийн тэргүүлдэг “LVMH” группт “Louis Vuitton”, “Sephora” зэрэг тансаг эдлэл, гоо сайхны бизнесүүд багтдаг юм. Харин Пиногийн удирддаг “Kering” групп алдарт “Gucci” брэндийг эзэмшдэг ажээ.

Энэ хоёр эрхмийг бизнесийн ширүүн өрсөлдөгчид гэдэг.  Өчигдөр тэд бас Дарь эхийн сүмийн сэргээн босголтод өгөх хандивын хэмжээгээрээ өрсөлдсөн байна.

Эхлээд Пиногийн компани 100 сая евро буюу $113 сая орчмыг сэргээн босгох үйлсэд хандивлаж байгааг зарлажээ. Үүнээс хэдхэн цагийн дараа Арногийн LVMH групп болон гэр бүл нь хоёр дахин их буюу 200 сая еврог ($226 сая) хандивлахаа амласан байна.