“Амгалан” ДС орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил хийгдэж байна

amgalan-dulaanii-stants-01
"Амгалан" ДС орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил хийгдэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2015 оноос хойш газар чөлөөлөхтэй холбоотой маргааны улмаас 4 жил удааширсан Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх УС-15, “Амгалан” дулааны станцын орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын явцтай энэ сарын 8-ны өдөр газар дээр нь танилцаж, тухайн ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн билээ.

Тодруулбал, үерийн суваг барих ажлын трассд орсон айлыг чөлөөлөх үүрэг даалгаврыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, газар чөлөөлөлт хийгдсэний дараа барилгын ажлыг шуурхай үргэлжлүүлэхийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, үерийн усны үерийн байгууламжийн цэвэрлэгээ хийх, авто зам руу ус орохоос сэргийлэх арга хэмжээ авах, шороон замыг тэгшлэх, засах, хайргаар хучих зэрэг үүрэг даалгаврыг Геодези усны барилга байгууламж ОНӨААТҮГ-т, Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон.

~”Амгалан” ДС орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил хийгдэж байна~

Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилгын ажил нь 2 үндсэн сувгаас бүрдэх ба нэгдүгээр сувгийн трассын газрыг чөлөөлөх асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар өмчлөгчтэй харилцан тохиролцоонд хүрч хашаа, байшинг буулгах ажил эхэлсэн ба энэхүү сувагт хэрэглэх төмөр бетон эдлэлүүдийг бэлдэж дуусчээ.

Тэгвэл үерийн хамгаалалтын хоёрдугаар сувгийн трапец суурийн цутгалтын ажил дуусч, хажуу налуугийн төмөр бетон эдлэлийг угсрах ажил хийгдэж байна. Энэ ажилд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавин ажиллаж байна.

Үерийн байгууламжийн барилгын ажил дуустал тухайн орчны айл өрхийг усанд автахаас сэргийлэх зорилгоор Геодези, усны барилга байгууламж ОНӨААТҮГ, Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар-4” ОНӨААТҮГ-аас үерийн далан сувгийн хог хаягдлыг цэвэрлэх, зам дагуу шороон далан босгох ажлыг гүйцэтгэв.