Сахал Эрдэнэбилэгээс Сүхбаатарын талбайг авахыг шаардлаа

Сүхбаатарын талбай
Сүхбаатарын талбай

“Улсаа аврах үндэсний хөдөлгөөн”-өөс өнөөдөр (2019.04.18) Сүхбаатарын талбайг барьцаанд тавьсан этгээдэд хариуцлага тооцохыг шаардаж хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийслэлийн төв талбайг хувь иргэний нэр дээр эзэмшүүлж, барьцаанд тавьсан баримтууд тус хөдөлгөөнийхөнд ирсэн аж.

Тэдний мэдээлснээр 2006 оны тавдугаар сарын 10-нд нийслэлийн Засаг даргын 215 тоот захирамжаар Сүхбаатарын талбайн 50 хувийг “Юү Би констракшн” компани буюу Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Эрдэнэбилэгийн мэдэлд шилжүүлсэн юм байна. Ингэснээр тус компани Сүхбаатарын талбайн урт талын хэсгийг Улаанбаатар хотын банканд хууль бусаар барьцаалан их хэмжээний мөнгө зээлээд байгаа ажээ. Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 09-нд 500 сая, 2017 оны зургадугаар сарын 13-нд дөрвөн сая 2018 оны зургадугаар сарын 27-нд дөрвөн сая 450 мянган ам.доллар буюу нийт 8.6 сая ам.долларын зээлийг Улаанбаатар хотын банкнаас авч Сүхбаатарын талбайг барьцаанд тавьжээ.

Тиймээс Сүхбаатарын талбайг хувийн эзэмшилд шилжүүлсэн шийдвэр хийгээд газрын гэрчилгээг хүчингүй болгож буруутэй этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг Улсаа аврах үндэсний хөдөлгөөнийхөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас шаардаж албан шаардлага хүргүүлж байгаа юм байна. Шаардлагын хариуг 72 цагийн дотор авах гэнэ.