2019-11-25

33 чиглэлд, 2900 хүүхэд сургуулийн автобусаар үйлчлүүлж байна

surguuliin-autobus
33 чиглэлд, 2900 хүүхэд сургуулийн автобусаар үйлчлүүлж байна

“Сургуулийн автобус” үйлчилгээнд эхний өдөр 500 гаруй хүүхэд багачууд хамрагдаж байсан бол дараагаар нь 2900 болж өсжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Сурагчдын гэр сургуулийн хооронд ирж очих аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах, эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдол бүхий “Сургуулийн автобус” нийт 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр ажиллаж байгаа юм.

Иймээс тус ажлыг амжилттай хэрэгжүүлэх, ялангуяа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ажлыг сайжруулах хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өчигдөр “Сургуулийн автобус”-ны үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж буй нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн газар, Мэдээлэл технологийн газар болон нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд оролцсон шуурхай хурал зарлаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.

Тодруулбал, Хүүхдийг автобуснаас хоцроохгүй цагт ирүүлэхийг эцэг, эх, асран хамгаалагчдад нь ойлгуулах үйл ажиллагаа явуулах, “Хүүхэд зохицуулагч”-ийг сургалтад хамруулж, тогтмол ажиллуулах, тодорхой шалгуур, шаардлага хангасан иргэдтэй гэрээ байгуулж ажиллах, сургуулийн автобусны цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, сургуулийн автобусны аюулгүй бүрэн бүтэн байдал, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ.