Covid19 халдвар хатуу гадаргуу дээр хэр удаан амьдардаг вэ?

 

Вирус халдварласан хатуу гадаргуугаас бидэнд вирус шууд халдах боломжтой. Ингэж хүнд халдсан вирус хүний бие рүү ортлоо хэр уддагийг дөнгөж саяхнаас тодорхой судлаад байгаа юм.

Covid – 19 вирус хурдтай тархаж эхэлмэгц хүмүүсийн хатуу эдлэлийн гадаргууд хүрэхээс болгоомжлох нь түгээмэл үзэгдэл болж эхэлсэн. Хаалганы бариулыг тохойгоороо онгойлгож тэр бүү хэл нийтийн тээвэрт бариулаас барилгүйг хичээн зорчих хүмүүс, цаг тутам албан тасалгааныхаа ширээг чийгтэй алчуураар арчиж байгаа ажилчид, голомтот халдварт хүнд нэрвэгдээд байгаа газруудад хамгаалалтын хувцастай тусгай ажилчид гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн, томоохон худалдааны төвүүдэд халдваргүйжүүлэлтийн хий цацаж байгаа зургууд олон нийтийн сүлжээгээр нийтлэг харагдах болсон. Албан газрууд, эмнэлэг, дэлгүүр, ресторануудын тогтмол цэвэрлэгээний тоо илэрхий ихэссэн. Зарим хотуудад сайн дурын ажилчид шөнийн цагаар бэлэн мөнгөний машинуудын товчлуурыг ариутгаж цэвэрлэж байгаа тохиолдол ч байна.

Бусад амьсгалын замын өвчлөлүүдийн адил, Covid – 19 халдвар нь энэ вирусыг тээгч ханиалгах үед үүсэх бичил дуслаар дамжин хүнд халдварлана. Нэг удаагийн ханиалга 3000 хүртэлх бичил дуслыг үүсгэдэг. Эдгээр бичил дуслууд нь ойрхон байгаа хүмүүс, тэдний хувцсан дээр болон бусад хатуу гадаргуу дээр буудаг ба илүү жижиг тоосонцрууд нь агаарт үлдэнэ. Мөн тунадас хэлбэрт орсон вирус илүү удаан амьдардгийг эрдэмтэд баталсан. Тийм учраас, ариун цэврийн өрөө орсны дараа шууд гараа сайтар угаахгүй бол, тэр хүн гар хүрсэн бүх зүйлдээ ариун цэврийн өрөөнөөс тээж гарсан вирусээ халдаадаг.

АНУ-ын Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах төвөөс гаргасан судалгаанд вирустэй гадаргуунд гар хүрээд, дараа нь нүүрэндээ хүрэх нь вирус хүнд халдах гол шалтгаан биш гэдгийг тогтоосон. Гэхдээ ДЭМБ болон бусад эрүүл мэндийн байгууллагууд хувь хүний ариун цэврийг сайтар сахих, гараа угаах, цэвэрлэгээ хийх, олон нийтийн газар хүний гар хүрдэг гадаргуунуудыг өдөр тутам ариутгах нь уг вирусээс сэргийлэх гол арга гэдгийг онцолсоор байна.

Өөр нэг чухал асуудал нь, SARS – CoV – 2 буюу Covid – 19 голомтот халдварыг үүсгэгч вирус нь хүний биед ортлоо хэр удаан хүний биеийн гадуур амьдардаг нь тодорхой биш байгаа юм. SARS, MERS зэрэг бусад голомтот халдварыг судлахад эдгээр вирус зохих халдваргүйжүүлэлтийг хийх хүртэл метал, шил болон хуванцар гадаргуун дээр 9 өдөр хүртэл амьдардгийг тогтоожээ. Зарим вирус бүр бага температуртай орчинд 28 хоног хүртэл амьдардаг аж. Иймэрхүү голомтот халдварууд нь орчноосоо шалтгаалаад уян хатан чанартай амьдардаг эсвэл устдаг нь тогтоогдсон. Энэ чанар нь шинэ төрлийн Covid – 19 халдварын тархалтад яаж нөлөөлж байгааг эрдэмтэд судалж эхлээд байгаа юм.

АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн институцийн нян судлаач Неетье ван Доремален болон  түүний хамтран ажиллагсад Covid – 19 халдвар өөр өөр төрлийн гадаргуун дээр хэр удаан амьдардгийг анхлан судалсан байна. Тэдний судалгааны хариу мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдэж эхэлсэн бөгөөд вирустэй хүн ханиаснаас хойш гурван цаг хүртэл хугацаанд вирус бичил дуслын хэлбэрээр амьдардгийг тогтоожээ. Хүний нэг ширхэг үсний өргөнөөс 30 дахин жижиг буюу 1 – 5 микрометр бичил дусал агаарт дэгдсэн хэвээр хэдэн цаг ч амьдарч чадаж байгаа гэнэ.

Тэд өөр өөр төрлийн хатуу гадаргууг судалсан бөгөөд, Covid – 19 халдвар цаасан хайрцган дээр 24 цаг хүртэл идэвхтэй оршдог, хуванцар болон зэвэрдэггүй төмөр, ган гадаргуун дээр 2 – 3 өдөр хүртэл амьдрах чадвартай ажээ. Энэ үр дүнгээс харахад хаалганы бариул, хуванцар бүрхүүлтэй гадаргуун дээр уг вирус ийм хугацаанд идэвхтэй амьдардаг аж. Тэдгээр судлаачдын гаргасан өөр нэг сонирхолтой үр дүн нь, зэс гадаргуу дээр вирус ердөө 4 цаг орчим амьдардаг бөгөөд зэс метал нь өөрөө вирус устгадгийг олж тогтоожээ.

Энэ судалгааг хийсэн судлаачид гадаргуу дээр тогтсон вирусын эсрэг үйлдлүүдийн үр дүнг мөн судалжээ. Үр дүнд нь, 62- 71% -ийн спиртийн агууламжтай ариутгагч эсвэл 0.5%-ийн ус төрөгчийн хэт исэлтэй гэр ахуйн цэвэрлэгээний бодис, 0.1 хувийн содын хипохлоридтой уусмалаар тухайн гадаргууг цэвэрлэвэл хормын дотор вирус идэвхгүй болж эхэлдгийг олж тогтоосон байна. Мөн чийглэг байдал хавсарсан өндөр температур нь (дор хаяж 56 градус) голомтот вирусын идэвхжлийг бууруулж эхэлдэг аж. Гэхдээ, халдвартай хүний нэг удаагийн ханиалганаас үүссэн бичил дуслууд дотор хичнээн хэмжээний вирусийн идэвхтэй тоосонцор агуулагддаг талаар тоон судалгаа байхгүй ч, ханиад томууны вирус судлалын хүрээнд хийгдсэн судалгаанд, тэдгээр бичил дуслууд хэдэн мянган вирус үүсгэгч тоосонцрыг агуулдаг нь батлагдсан.

Гэхдээ, вирусны удаан амьдрах чадварыг судлах нь гарын ариун цэвэр, эд зүйлсийн гадаргууг цэвэрлэж ариутгахын ач холбогдлыг илүү онцолж буй асуудал юм. Мөн зөвхөн агаар дуслын замаар биш, бүх төрлийн хатуу гадаргуунаас ч халдвар авах эрсдэл байгаа байдаг аж.

 

Эх сурвалж: www. bbc.com

TAGS: