Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар НОБГ-ын нийслэлийн аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа.
Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.
Ахлах ахлагч Х.Цогбадрах нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан найм дахь гавьяат буюу энгийн аврагчаас төрсөн гурав дахь залуу гавьяат болж байна.
Тэрээр Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2012 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1035 хүний амь насыг аварч, 275 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 119 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 60 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймэрт нийт 86 хоног үүрэг гүйцэтгэж 1800 орчим га талбайн гал түймрийг унтраасан бол нийслэлийн хэмжээнд гарсан томоохон түймэр болох ХУД-ийн “Анун” төв, БЗД-ийн “Нарантуул худалдааны төв”, “Говь” ХХК-д гарсан түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн. Мөн СХД-ийн 16,17,20,21, БЗД-ийн 20, ХУД-ийн 13 дугаар хороонд болсон үерийн дуудлагаар тус тус ажиллаж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ амжилттай биелүүлж байна.
Мөн тэрээр Онцгой байдлын байгууллагын 2018 оны Онцгой гавьяа байгуулсан гурван алба хаагчийн нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.