Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлт /2019.12.25/Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, иргэд олон нийт оролцов.
Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа аж.
~Талбайн “Мөсөн коток”-т иргэд үнэ төлбөргүй гулгах боломжтой~
Өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, иргэдийн гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээгдсэн энэхүү мөсөн хотхонд зочилсон иргэд дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн хотхоныг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд үнэ төлбөргүйгээр тэшүүрээр гулгах боломжтой юм.
Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх юм байна.