Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ХБНГУ-д хийх айлчлалын хүрээнд тус улсын Холбооны эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Андрейс Фейхтай уулзлаа.
Энэ үеэр Монгол Улсын эрчим хүчний салбарт ХБНГУ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Дээрх уулзалтад Монгол улсаас ХБНГУ- д суугаа элчин сайд Д.Ганбат, УИХ-ын БОХХААБХ-ын дарга УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтын үеэр сайд Ц.Даваасүрэн болон Төрийн нарийн бичгийн дарга Андрейс Фейхт нар Монгол Улсын эрчим хүчний салбарт тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх, холбогдох судалгаа хийх, хоёр орны эрчим хүчний салбарын мэргэжилтэн албан хаагчдын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, ХБНГУ-ын зүгээс мэргэжилтнээ илгээх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах үйлдвэрийн технологийн шинэчлэлтэй холбогдуулан ХБНГУ-ын шахмал түлшний үйлдвэрийн технологийг нутагшуулах боломж, Монгол Улсын эрчим хүчний системд бага, дунд чадлын усан цахилгаан станц, усан цэнэгт станцуудын төслүүдийг хөгжүүлэх, эрчим хүчний ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах бололцоотой зэрэг асуудлаар санал солилцов.
Түүнчлэн ХБНГУ-ын RWE болон SIEMENS компаниудтай эрчим хүчний өндөр технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллах, Монгол Улсад нутагшуулах ажлын талаар ярилцлаа.