ЭМЯ: Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувь нь КОВАКС-аас авахаар төлөвлөсөн

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам 2020 оны 7 дугаар сараас эхлэн КОВИД-19 халдвараас сэргийлэх вакцинд хүн амыг хамруулах талаар бүх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Үүний нэг нь КОВАКС олон талт хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс уг механизмд хамрагдан хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд КОВИД-19 халдвараас сэргийлэх аюулгүй, үр дүнтэй вакцин авах хүсэл сонирхолтой байгаагаа 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор илэрхийлсэн.

Түүнээс хойш 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр хуралдсан КОВАКС механизмын Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол Улс тус механизмын АМС бүлэгт хамрагдах эрхтэй 92 улсын жагсаалтад багтсан. Энэ талаар ЭМЯ-нд 2020 оны наймдугаар сарын 04-ний өдөр КОВАКС-ын Нарийн бичгийн дарга нарын газраас хариу ирүүлсэн.

Улмаар “КОВИД-19 халдварын эсрэг вакцин хүлээн авах, түгээх, дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний төлөвлөгөө”-ний хүрээнд хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувийг КОВАКС-аас авахаар төлөвлөсөн байгаа.
Вакцин хүлээн авахтай холбоотой албан өргөдлийн маягтын багцуудыг Монгол Улс КОВАКС механизмын Нарийн бичгийн дарга нарын газарт тухай бүрт нь хүргүүлж ажиллаж байна.
2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр КОВАКС механизмын Нарийн бичгийн дарга нарын газраас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хандаж Монгол Улсын Засгийн газрын Вакцины хүсэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, КОВАКС AMC бүлгийн Оролцогч улс болохыг баталгаажуулсан болно.

Дэлхийн улс орнуудад хэд хэдэн төрлийн вакциныг хөгжүүлж, тэдгээрийн заримд ДЭМБ болон эмийн хатуу зохицуулалт бүхий улс орнуудын эрх бүхий байгууллагаас яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгож эхлэхтэй уялдуулан манай улс вакцинжуулалтын хүйтэн хэлхээний чадавх сайжруулах, заримыг шинээр бий болгох, вакцинд зөвшөөрөл олгох журмыг батлах зэрэг олон арга хэмжээг шат дарлалтай авч хэрэгжүүлж байна. “Вакцин хүлээн авах, түгээх, дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний төлөвлөгөө”-г Шадар сайдаар батлуулсан ба хэрэглэх вакцины төрөл, хүртээмж, зорилтот бүлэг, үйлдвэрлэгчийн заавар, тархвар судлалын нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзэж вакцинжуулах ажлыг уян хатан зохицуулахаар үндэсний  төлөвлөгөөнд тусгасан.

2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хамтрагч талуудтайгаа хамтран вакцин хүлээн авахад шаардлагатай бэлэн байдлыг үнэлэх нэгдсэн VIRAT/VRAF 2.0 аргачлалын дагуу өөрийн улсын вакцинжуулалтын бэлэн байдлыг цогц байдлаар үнэлсэн болно. Энэхүү үнэлгээний дүн Монгол Улс аль ч төрлийн вакциныг хүлээн авч хэрэглэх бэлэн байдлыг хангасан болохыг харуулсан.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар баталсан КОВИД-19 халдварын эсрэг вакцинд Яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох журмын дагуу Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр өнөөдрийн байдлаар 3 нэрийн вакцинд Монгол Улсад яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байна.
TAGS: