Н.Бадамханд: Зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй

Fitnes-model-Badamhand-goo-tanil-03
Дэлхийн аваргын Хүрэл Медальт, Фитнесс Модель, Н.Бадамханд

       Орчин цагт хүн бүр эрүүл байхын тулд эрчимтэй хөдөлгөөн хэрэгтэй юм байна гэдгийг ухаарч аль болох фитнесс, иог бясалгал, усан сэлэлт, өглөөний гүйлт зэргээс өөрт тохирохыг сонгон хичээллэх болжээ. Тиймдээ ч өнөө цагт гүзээгээ унжуулаад яваа эрчүүд, хүүхнүүдийг арчаагүй хэмээн дүгнэх болж.

Тэгвэл сүүлийн жилүүдэд манай залуус Бодибилдингээр эрчимтэй хичээллэж, өв тэгш сайхан биеийг өөртөө цогцлоох болсон байна. Тэдний нэг бол Дэлхийн аваргын Хүрэл Медальт, Фитнесс Модель Н.Бадамханд. Хэний ч нүдийг булаам, биеэ хөгжүүлсэн үзэсгэлэнт бүсгүйн спортлог дэглэмийн нууцаас “Гоо танил” буланд онцоллоо. 

Нэр: Нямандэлэг Бадамханд /1991/ онд төрсөн

Эрхэлдэг ажил: “Olimpus Gym”-д хувийн багш, Дасгалжуулагч

Сошиал хуудсууд: Фэйсбүүк хуудас, Инстаграм

Хэлэх дуртай үг: “Хийвэл бүү ай, Айвал бүү хий”

Өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Охид эмэгтэйчүүдэд хэрэгтэй мэдээлэл өгье.

Танай сайтын уншигч олонд өдрийн мэнд хүргэе. Урьсанд баярлалаа.

Энэ сайхан бүсгүйтэй дотно танилцъя?

Нямдэлэгийн Бадамханд гэдэг. 1991 оны 1-р сарын 11-нд төрсөн. “Бизнес удирдлага, Маркетинг менежмент”-ийн чиглэлээр Улаанбаатар Их сургуульд суралцаж төгссөн. Одоогоор аав, ээжийн хамт амьдарч байна.

Фитнесс Модель Н.Бадамханд спортод хэрхэн хөл тавьж байв? 

Хамгийн анх “Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн-2014” үзсэн нь энэ спортод дурлах шалтгаан болсон гэх үү дээ. /инээв/ Тэмцээн үзээд надад төрсөн сэтгэгдэл их нөлөөлсөн. Тухайн үед фитнесс модель охидыг хараад л дуу алдаж, яг тэдэн шиг болох амлалтыг өөртөө өгсөн. Ингээд л өнөөдрийг хүртэл зүтгэж байна даа.

 Дасгал хөдөлгөөн, зөв хооллох ойлголт таны бодлоор?

Эрүүл энх, урт удаан наслахын суурь ойлголт нь эрүүл амьдралын хэв маяг юм. Дасгал хөдөлгөөн хийснээр зөв, галбирлаг биетэй болж, зөв хооллосноор урт насална. Үүнийг л хамтад нь эрүүл амьдралын хэв маяг гэж тодотгох болов уу.

Fitnes-model-Badamhand

Өглөө болон өдрийн хоолыг дараах байдлаар бэлтгэж болно /Н.Бадамхандын хооллолт/

Оройн хоолоо бэлтгэхдээ дараах байдлаас санаа аваарай /Н.Бадамхандын хооллолт/

Сүүлийн үед охид, эмэгтэйчүүд эрүүл мэндээ золиосолж, буруу аргаар ТУРАХ арга замруу хошуураад байх шиг?

Тийм хандлага ажиглагддаг. Турах нэрийдлээр хоолой сойж, махнаас татгалзаж, оройн хоолыг тэр чигт нь үгүйсгэж байна. Энэ бол маш буруу. Учир нь мах гэдэг зүйл чинь маш өндөр хэмжээний уураг агуулдаг бүтээгдэхүүн юм. Харин шарсан хуурсан, гурилан болон бэлэн бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Үхэр, тахиа, адуу, загасны мах, нарийн ногоог түлхүү хэрэглэхийг уриалж байна. Зарим эмэгтэйчүүд 16:00, 17:00 цагаас хойш хоол иддэггүй. Насан туршдаа оройн хоол сойж амьдарч чадахгүй учир шинэ ногооны салат, өндөгний цагаан, тахианы цээж мах, жимс, тараг гэх мэт амин дэмлэг зүйлсийг хэрэглэж хэвших хэрэгтэй гэж хэлье.

“Дэлхийн аварга-2017”-ын Хүрэл Медальт, Фитнесс Модель, Н.Бадамханд

Фэйсбүүк, инстаграмд гоё ганган, галбирлаг хүүхнүүдийг өнгөцхөн даган дуурайж өөрөөсөө өөр хүнийг бүтээх гээд түүртээд байх шиг. Таны хувьд сошиал сүлжээг хэрхэн ашиглаж байна?

Хүн тус бүрийн онцлог харилцан адилгүй байдаг. Миний хувьд сошиал сүлжээг өөрт хэрэгтэй байдлаар ашигладаг. Жишээ нь инстаграмд гаднын шилдэг тамирчдыг дагаж тэдний дасгал хөдөлгөөний техник, хэв маягаас суралцдаг. Яг түүнтэй адил манайхан ч бас өөрт ойр Монгол тамирчдыг дагаж, тэдний зөв хооллолт, өдөр бүрийн дасгалаас суралцах бүрэн боломжийг сошиал хуудас олгож буйгаараа давуу талтай.  Түүнээс гоё ганган, галбирлаг хүүхнүүдийн зургийг харж, дэмий мөрөөдөж түүндээ түүртэж суух утгагүй хэрэг. Миний хувьд инстаграм хуудаснаа өдөр бүрийнхээ дасгал хөдөлгөөний систем, хооллолтын талаарх хэрэг болохуйц мэдээллийг стори /story/-д тогтмол байршуулдаг. Энэ нь зүгээр нэг биеийн галбираа болоод идсэн хоол оо гайхуулах бус фитнессээр хичээллэж буй хүмүүст тус болох болов уу гэж боддог. Хүсвэл “Olimpus gym” дээр ирээд зөвлөгөө авахыг хүссэн хүн бүрт нээлттэй шүү. /инээв/

Шинэ өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ. Босоод хамгийн түрүүнд юу хийх үү?

Миний шинэ өглөө 06:30 цагт эхэлдэг. Босоод хамгийн түрүүнд УС аа ууна. Үүний дараагаар хоол оо бэлтгээд, бэлтгэлийнхээ хувцсыг базаагаад ажилдаа гарна даа.

Эрүүл аргаар хэрхэн жингээ хаях вэ. Үүнд хамгийн чухал зүйлс нь юу бол?

Хамгийн чухал нь шарсан хуурсан хүнс, гурилан бүтээгдэхүүн, нүүрс ус багатай хоол, бэлэн хүнс, хийжүүлсэн болон архи согтууруулах төрлийн ундаа, чихэр шоколаднаас хатуу татгалзах хэрэгтэй. Ингэж чадвал та аяндаа өөрийн хүссэн жиндээ хүрэх боломжтой.

~Түүнчлэн тэрээр охид бүсгүйчүүддээ оройн хөнгөн “стүүми” хийж уухыг зөвлөсөн юм~

Турчихлаа дараа нь хэрхэн галбиржих вэ?

Ихэнх хүмүүс тураад дараа нь галбиржих уу гэж асуудаг. Турангаа давхар галбиржиж цаг хугацааг хэмнэж болно. Фитнессд явж дасгал хөдөлгөөн хийснээр та өөрийн хүссэн галбирыг бүтээж чадна.

Эмэгтэй хүн бүрт тулгамддаг асуудал нь төрсний дараах жингийн асуудал. Үүн дээр мэргэжлийн багш хүн ЗӨВЛӨМЖ өгвөл?

Энэ асуулт маш ихээр ирдэг. Юун түрүүнд амаржсан даруйдаа цаг алдалгүй  хэвлийн даруулга бүс хэрэглэх нь чухал. Ингээд өдөр бүрийн 30 минут өөртөө тохирсон дасгал хийх хэвших хэрэгтэй.

Эмэгтэй хүн гоо сайхан, гоё ганган байх ойлголтыг өөрийнхөөрөө тодорхойлбол ?

Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Харин түүнийг хэрхэн тордож, арчилж байна гэдгээр л ялгагдах байх. Брэндээр бус зөв галбирлаг, эрүүл биеэр гангарах нь хамгийн сайхан. Тууштай хичээж чадвал ямар ч хүн сайхан харагдаж болно шүү.

Badamhand-fitnes-model

Н.Бадамханд “гуалиг, зөв галбиртай байх боломж хүн бүрийн өмнө нээлттэй” хэмээн хэлсэн юм.

Өглөө, өдөр, орой хэрхэн хооллох вэ?

Өглөөд болж өгвөл овьёос идвэл маш сайн. Өдөр чанаж эсвэл жигнэсэн үхрийн мах будаатай, ногоо зонхилсон хоол идээрэй. Ингэхдээ усыг бага багаар маш сайн уух хэрэгтэй. Оройд шинэ ногооны салат, жимс, өндөгний цагаан, тараг, тахианы цээж махыг олон төрлийн ногооноос өөртөө тааруулан сонгон баяжуулан идвэл тохиромжтой.

Өдөр тутмын арьс арчилгаа, цэвэрлэгээг хэрхэн хийдэг бол?

Миний арьс маш тослог. Иймээс цэвэрлэгээг маш сайн хийдэг. Долоон хоногт нэг удаа “Синдерелла” салоны “aqua feel” үйлчилгээнд орчихдог. Гэрэлтсэн арьсны нууц нь УС бөгөөд сайн унтаж амрах.

Эрүүл байхын зэрэгцээ галбирлаг биетэй байхын тулд хэрхэх талаар мэдээлэл өгч, цаг гарган ярилцсан үзэсгэлэнтэй бүсгүйдээ баярлалаа. Амжилт хүсье.

Тааралдсан хоолоо идэж, дасгал хөдөлгөөн хийхгүй бол хэзээ ч төгс буюу зөв галбирыг олохгүй. Эрүүл мэндээ ч алдана. Дашрамд Япон улсад болсон “Mr Olympia-2018” тэмцээнд оролцох үеэр тэндхийн иргэдийн эрүүл, урт насалж буй нууцыг мэдсэн. Энэ бол ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН юм билээ. Энэ бүгдийг амьдралдаа хэвшүүлэхийг уншигчдад уриалж байна. Та бүхэнд баярлалаа.

Б.Хонгорсайхан