ДЭМБ-д олгодог санхүүжилтийг Доналд Трамп зогсооно гэв

838
trump
ДЭМБ-д олгодог санхүүжилтийг Доналд Трамп зогсооно гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гаригт тус улсаас ДЭМБ-д олгодог санхүүжилтийг зогсоохоо мэдэгдлээ. Учир нь Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр “ДЭМБ коронавирусийн дэгдэлтийн эсрэг авах хариу арга хэмжээнд үндсэн үүргээ биелүүлж чадаагүй” гэсэн юм. Доналд Трамп мэдэгдэлдээ “ДЭМБ коронавирусийн тархалтын эхэн үед бодит мэдээллийг нууцалж, тархалтын эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлд ноцтой алдаа гаргасан гэж үзээд санхүүжилтийг нь зогсоох даалгаврыг өөрийн засаг захиргаанд өгсөн. ДЭМБ үндсэн үүргээ биелүүлээгүй тул хариуцлага хүлээх ёстой. Бид Covid-19 цар тахал нүүрлэсэн энэ цаг үед АНУ-ын өгөөмөр санхүүжилт зөв зүйлдээ зарцуулагдаж буй эсэхэд эргэлзэж байна” гэжээ.

Үүний дараа тэрээр сэтгүүлчдэд ярихдаа “Хятадад анх тахал дэгдэж байх үед ДЭМБ-ын мэргэжилтнүүд тус улсын нөхцөл байдлыг зөв үнэлж, Хятад улсаас тоо баримтаа үнэн зөв гаргаж, ил тод байхыг шаардсан бол өнөөдөр хамаагүй цөөн хүн амиа алдах байлаа. Хэрвээ ингэж чадсан бол олон мянган хүний амь аврагдаж, дэлхий нийтээр эдийн засгийн хохирлоос зайлсхийж чадах байсан. Гэвч үүний оронд ДЭМБ БНХАУ-ын Засгийн газрын нэр хүнд, үйл ажиллагааг хамгаалж, тэдэнд тал засаж, үйлчилсэн” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

~АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гаригт тус улсаас ДЭМБ-д олгодог санхүүжилтийг зогсоохоо мэдэгдлээ~

АНУ нь ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч юм. Тус улс нь өнгөрөгч онд 400 сая ам.долларыг НҮБ-ын салбар байгууллагад олгосон нь ДЭМБ-ын нийт санхүүжилтийн 15 хувийг бүрдүүлж байжээ. АНУ-ын хэмжээнд лхагва гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 613886 тохиолдол, 26047 нас баралт бүртгэгдээд байна.

АНУ-ын иргэд, Сенатын нэр бүхий гишүүд Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний засаг захиргааг цар тахлын эсрэг анхнаасаа зөв ажиллаж чадаагүй гэж шүүмжилж буй. Тухайлбал Ардчилсан намын Сенатч Крис Мерфи мягмар гаригт “ДЭМБ болон БНХАУ алдаа гаргасан. Мөн Доналд Трамп өөрийн засаг захиргааны буруу үйл ажиллагааг бусад руу чихэж үгүй хийхээр оролдож байна. Одоогоор Цагаан ордон болон түүний холбоотнууд тахлын дэгдэлтийн эхэн үед Ерөнхийлөгчийн засаг захиргааны зүгээс хэрэгжүүлсэн буруу үйл ажиллагааг нуун дарагдуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Өнөөдөр Трамп болон түүний холбоотнууд ДЭМБ Хятадад зөөлөн хандсан гэж мэдэгдэж байгаа нь үнэхээр тохуутай. Үнэндээ Ерөнхийлөгч өөрөө тахлын эхэн үед БНХАУ-ын эрх баригчдын хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг хамгийн ихээр сайшааж байсан хүн юм” гэжээ.

Үнэхээр Доналд Трамп өнгөрөгч нэгдүгээр сарын 24-нд өөрийн твиттер хаягаараа дамжуулан “Хятад улс коронавирусийн тархалтыг хязгаарлах чиглэлд маш их хичээж ажиллаж байна. АНУ тэдний хүчин чармайлт, ил тод байдлыг өндрөөр үнэлж байна. Энэ бүхэн үр дүнд хүрэх болно. Би АНУ-ын ард түмний өмнөөс БНХАУ-ын дарга Си Зиньпинд талархал илэрхийлмээр байна” гэж байжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу