Аугаа эх орны ялалтын баярын өдөр Дэлхийн Хоёрдугаар дайнд алдар цуугаа гайхуулж дайнд гавьяа байгуулсан баатруудыг магтан дууллаа. Оросын телевизүүдээр дайны гавьяатнуудын намтар түүхийг олон түмэнд хүргэжээ.
Дайны баатрууд дундаас олны сонирхлыг хамгийн их татсан нэг хүн байсан нь Украйны шинэхэн ерөнхийлөгчийн өвөө Семен Иванович Зеленский байлаа.
Семен Зеленский 1924 онд Кривой Рогт мэндэлжээ. Тэрээр 1942 онд цэрэг татагдан, Дэлхийн Хоёрдугаар дайны галын шугамд очин ЗХУ-ын өмнөөс эрэлхэгээр тулалдсан байна. 1944 он гэхэд миномётын салааны ахлагчаар томилогдсоны зэрэгцээ “Улаан Од” одонгоор хоёр ч удаа шагнагдаж байжээ. “Улаан Од” одонг байлдааны онцгой гавьяа байгуулсан тохиолдолд л олгодог, Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн хамгийн эрхэм хүндтэй шагналд тооцогдож байсан юм.
1944 оны эхээр Семен Зеленскийгийн ахалсан салаан дангаараа Германы армийн дөрвөн танк, 15 цэрэг, офицерыг устгасан нь ОХУ-ын архивт одоо ч тодоос тод байдаг аж.
Ялалтын баярын өдөр Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон өвөө Семен Иванович Зеленскийгийн төрсөн нутаг болох Кривой Рог дахь шарил дээр Владимир Зеленский очиж, хүндэтгэл үзүүлсэн байна.
А.Чингэстэй