Өнөөдөр “Нярайн скринингийн үндэсний анхдугаар конгресс” болно

826
nyarain-emgeg
Өнөөдөр “Нярайн скринингийн үндэсний анхдугаар конгресс” болно

“НЯРАЙН СКРИНИНГИЙН ҮНДЭСНИЙ АНХДУГААР КОНГРЕСС”-ийг Эрүүл Мэндийн Яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс санаачлан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Анхдугаар конгресст дотоод, гадаадын эмч, мэргэжилтэн, эцэг эхийн ба Монгол дахь Олон улсын байгууллагын төлөөлөл, хамтын ажиллагаатай улс орны зочид зэрэг нийт 400 гаруй төлөөлөгчид оролцох болно.

Нярайн скрининг нь хүүхэд төрсний дараах хэдхэн хоногийн дотор төрөлхийн ба удамшлын зарим эмгэгтэй эсэхийг эрт илрүүлж, төгс эмчлэх үр дүнтэй арга бөгөөд эдүгээ дэлхийн 70 гаруй улс орнуудад 50 гаруй төрлийн өвчнийг зорилготойгоор эрт илрүүлэн, бүрэн эмчилж байна. Скрининг оношилгоо нь нярайн ба хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх боломж олгодог нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой интервенц юм.

ЭМЯ хүүхдийн эндэгдлийг бууруулах, хүүхэд насны хүн амын амьдралын чанарыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд нярайн скринингийг анхнаас нь дэмжиж ирсэн бөгөөд цаашдаа ч үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд 2014 онд “Нярайн скрининг шинжилгээний хөтөлбөр”-ийг баталж, 2017 онд Монгол Улсын Засгийн газрын 78 дугаар тогтоолоор баталсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.2.2.9 заалтад шинээр төрсөн нярай бүрийг 4 төрлийн скрининг шинжилгээнд (нярайн түнхний хэт авиан скрининг, нярайн сонсголын скрининг, дутуу нярайн ретинопатийн скрининг, бодисын солилцооны скрининг) үе шаттайгаар хамруулахаар заасан хэдий ч өнөөдрийг хүртэл олон улсын төслийн тусламжтай хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь нярайн скрининг шинжилгээний иж бүрэн аргыг эрүүл мэндийн тогтолцоонд үе шаттайгаар нэвтрүүлснээр нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэхэд оршиж байгаа юм.

~Өнөөдөр “Нярайн скринингийн үндэсний анхдугаар конгресс” болно~

Өндөр хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжиж байгаа “Нярайн түнхний мултрал, дутуу хөгжлийн хэт авиан скрининг оношилгоо”-г 2007 оноос Швейцарийн SMOPP төслийн багийн тусламжтайгаар Монгол Улсад эхлүүлснээр өнөөгийн байдлаар ЭХЭМҮТ, Улаанбаатар хотын 3 амаржих газар, Налайх, Багануур, 21 аймагт нийт 300 мянга гаруй шинээр төрсөн нярайг хамруулж, 4000 гаруй хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлж чадсан.

2012 оноос ЭХЭМҮТ-ийн баг АНУ-ын ORBIS багийн тусламжтайгаар нийслэл, аймгийн нийт 6000 гаруй дутуу төрсөн нярайг скрининг оношилгоонд хамруулан 190 гаруй хүүхдийг сохролоос сэргийлж чадсан амжилттай байна.

2012 оноос Солонгосын Сөүлийн Их сургууль, Ротари клубын тусламжтайгаар нярайн сонсголын скринингийг анх эхлүүлж, улмаар 2017 оноос АНУ-ын “Сонсгол бууралттай хүүхдийн дэлхийн сан”-тай хамтран өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын 57 гаруй мянган нярайг хамруулж, төрөлхийн сонсголгүй, сонсгол бууралттай 300 хүүхдийг оношилж, эмчилгээний асуудлыг шийдсэн.

2012 оноос Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим хамтран эхлүүлсэн бодисын солилцооны скрининг оношилгоогоор 7000 гаруй нярайд 2 төрлийн эмгэгийн скрининг оношилгоо хийж, 7 тохиолдлыг илрүүлж, эмчилсэн. 2014 онд ЭМЯ-аас ЭХЭМҮТ-ийн Анагаахын удам зүйн лабораторид хийн хроматографийн аппарат суурилуулснаар хөгжлийн хоцрогдолтой хүүхдийн шээсэнд органик ба амин хүчлийн эмгэгийг оношлох чадавхи бүрдсэн ба өнөөгийн байдлаар 300 гаруй хүүхдийг хамруулснаар фенилкетонурийн 2 тохиолдол, төрөлхийн цитриний дутагдал 1 хүүхдэд оношлогдож, эмчилгээ, хяналтыг шийдэж байна.

Манай улс 2016-2030 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ын хүрээнд маш өндөр амбицтай зорилго тавьсан. Үүнд 2030 он гэхэд эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, урьдчилан сэргийлэх боломжтой эмгэгээр хүүхэд эндэхийг бууруулж, нярайн эндэгдлийн түвшинг 1000 төрөлтөд 6, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 төрөлтөд 9 болгож бууруулах өндөр амбицтай зорилт дэвшүүлсэн. Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтдоо хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг эрс бууруулах дээрх зорилгодоо хүрэхэд нөлөөлөх чухал арга замуудын нэг нь Нярайн скрининг шинжилгээг төрсөн нярай бүрд хийх явдал юм.

Нярайн скринингийн нэр хүндтэй бөгөөд хүндхэн үүргийг хуваалцаж байгаа “Монгол-Швейцарийн хамтарсан SMOPP төсөл”, АНУ-ын “ОРБИС” олон улсын байгууллага, АНУ-ын “Дэлхийн сонсгол бууралттай хүүхдийн сан” зэрэг олон улсын төслүүдийн техникийн ба санхүүгийн дэмжлэг, туслалцаа 2020 оноос зогсож эхлэхтэй холбоотой энэхүү үүргийг Монгол Улсын төр, Засгийн газраас бие дааж, үргэлжлүүлэх хариуцлагыг хүлээн авахад онцгой анхаарах шаардлага тулгарч байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу