Өмнөд Солонгосын ард түмэн коронавирусийн дэгдэлтийн оргил үеийг даван туулсан дэлхийн цөөн хэдхэн улсын нэг болоод байгаа билээ. Тус улсад өнгөрөгч хоёрдугаар сарын сүүл үеэс “COVID-19”-ийн тархалт эрчимтэй нэмэгдэж ердөө нэг долоо хоногийн хугацаанд нийт халдварын тохиолдол 5000-д хүрсэн нь тухайн үедээ БНХАУ-ын араас хоёрт орох үзүүлэлт болж байв.

Харин дөрөвдүгээр сарын турш Өмнөд Солонгост өдөрт шинээр нэмж халдвар бүртгэгдэх тохиолдлын тоо 100-аас буурсаар сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд тогтмол 10-аас доош тоонд хүрээд байна. Энэ хугацаанд тус улсын парламентын ээлжит сонгуулийн санал хураалт нийт сонгуулийн насны 44 сая иргэдийн 66.2 хувийн ирцтэй буюу 28 жилийн түүхэнд байгаагүй өндөр ирцтэйгээр амжилттай болж өнгөрсөн гэдгийг зайлшгүй дурдах нь зүйтэй. Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар иргэд гудамжаар чөлөөтэй зорчиж, бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч халдвар хамгааллын дэглэм, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд шат дараатай хэрэгжсэн хэвээр байгаа юм. Тэгвэл мэргэжилтнүүд Өмнөд Солонгос улс цар тахлыг хэрхэн амжилттай даван туулж байгаа туршлагыг ийнхүү дүгнэжээ.

Өмнөд Солонгосын нэгэн бизнес эрхлэгч Ойрхи Дорнодод ажлаар явж ирснийхээ дараа халуурах, ханиалгах, уушгины хатгалгаа үүсэх зэрэг шинж тэмдэг гэнэт илэрчээ. Тухайн иргэн Сөүл хотын хэд хэдэн эмнэлгээр үйлчлүүлсний эцэст “MERS”-ийн халдвар авсан болох нь тогтоогдсон байна. Ийнхүү тэрээр 2015 онд тус улсын нутаг дэвсгэр дээр коронавирусийн өөр нэг төрөл болох “MERS”-ийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн анхны тохиолдол болж бүртгэгдсэн байна. Хэдий түүнийг нэн даруй тусгаарласан ч бүх зүйл нэгэнт оройтсон байв. Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн байгууллага анхны тохиолдлын ойрын хавьтагч нарыг илрүүлэх гэж маш их цаг хугацаа алдах зуур ердөө хоёр сарын хугацаанд нийт 186 хүн халдварлаж, 38 хүн нас барсан нь дэлхийн хэмжээнд халдварын анхны голомт болох Ойрхи Дорнодын араас орох үзүүлэлт болж байжээ. Сөүлийн эрх баригчид паникаас түргэн хугацаанд гарч тухайн оны сүүл үед өөрийн нутаг дэвсгэр дээрх халдварын дэгдэлтийг бүрэн амжилттай давсан талаар мэдэгдсэн юм.

Энэхүү сургамж Өмнөд Солонгосын эрх баригчид болон эрүүл мэндийн систем тахлын өмнө ямар ч бэлтгэлгүй байгааг харуулсан гэнэтийн дохио болж, үүнээс хойш ирээдүйд гарч болзошгүй аливаа тахлын өмнө бэлтгэлээ сайтар базааж ирсэн байна. “Korea” их сургуулийн Гуро эмнэлгийн судлаач доктор Ким Ву Жогийн хэлснээр 2015 оны “MERS”-ийн дэгдэлтийн үед Өмнөд Солонгос улс маш олон зүйлс сурсны хамгийн чухал нь оношилгооны ач холбогдол болон халдвараас урьдчилан сэргийлэх энгийн арга хэмжээнүүд аж.

Тэгвэл БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллага 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд “COVID-19”-ийн халдварын анхны батлагдсан тохиолдлыг дэлхий нийтэд зарласан. Үүнээс сар хагасын дараа буюу хоёрдугаар сарын 15-ны байдлаар дэлхийн хэмжээнд 67000 тохиолдол бүртгэгдээд байсны 66000 нь БНХАУ-д хамаарч байв. Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан ердөө 28 тохиолдол бүртгэгдээд байсан бөгөөд тухайн үед дэлхий нийтээрээ цар тахлын бодит аюул заналхийллийг бүрэн дүүрэн ойлгоогүй байв. Харин Өмнөд Солонгост бүх зүйл өөр байсан нь тэд аль хэдийн “COVID-19”-ийн оношлуурыг бүтээх ажилд ханцуй шамлан орсон явдал байв. Төд удалгүй оношлуурууд хэдэн мянгаар нь үйлдвэрлэж улсын хэмжээнд бүх эмнэлэгт нийлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээрээ тахлын аюулыг үл ойшоох зуур Өмнөд Солонгосын эрх баригчид аль хэдийн боломжит хамгийн муу хувилбарт бэлдэж эхэлсэн байжээ.

Ингээд хоёрдугаар сарын сүүл үеэс Өмнөд Солонгост “COVID-19”-ийн халдвар эрчимтэй тархаж ердөө тавхан өдрийн дотор буюу хоёрдугаар сарын 29-нд 3015-д хүрчээ. Тэгү хотод 2015 оны түүх давтагдсан нь энэ бүхэн Шинжэ-Ончи сүмийн цуглаанд явдаг нэгэн итгэгч эмэгтэй ганцаараа халдварыг тархаасан явдал байв. Гэхдээ өмнөх түүхээс ялгаатай нь 31 дэх тохиолдол болсон уг эмэгтэй эмнэлэгт хандах үед Өмнөд Солонгосын эрүүл мэндийн систем хэзээ ч болж мэдэх ийм зүйлд аль хэдийн бэлэн байсан юм. Өөрөөр хэлбэл түүний хандсан эмнэлэг төдийгүй бусад бүх эмнэлгүүд “COVID-19”-ийн оношлуураар хангагдсан байсан нь хэдхэн өдрийн дотор 5000 халдварын эерэг шинжилгээг илрүүлж, тусгаарлах боломжийг олгосон байна. Ингээд Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн байгууллага “супер халдварлуулагч” гэгдэх 31 дэх тохиолдлын ойрын хавьтлуудыг тодорхойлж хэдхэн цагийн хугацаанд хэдэн зуун хүнд оношилгоо хийн, шинж тэмдэг илэрсэн болон илрээгүй гэх зэргээр ялган, бүх хүний ойрын хавьтлыг үргэлжлүүлэн илрүүлэх замаар тусгаарлаж, нийгэмд халдвар чөлөөтэй тархах эрсдэлийг хязгаарлаж эхэлсэн аж. Ингээд хэдхэн өдрийн дотор Тэгү хотод 9000 оношилгоо хийгдэж, дараа нь улсын хэмжээнд 600 байршилд өдөрт 20000 хүн оношлох хүчин чадал бүхий явуулын оношилгооны багуудыг хурдан хугацаанд зохион байгуулж, томилсон байна. Харин дараагийн алхам бол хөл хөдөлгөөн ихтэй, олон нийтийн газруудад халдвараас урьдчилан сэргийлэх замаар тархалтыг Тэгүгээс гадагшлуулахгүй байх явдал байв. Ийнхүү зах, худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээний газрууд болон нийтийн тээврүүдэд өргөн бүрэлдэхүүнтэй ариутгал хийгдэж, хүний гар хүрсэн бүгдийг цэвэрлэх ажлыг өрнүүлсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн байгууллага эерэг шинжилгээний хариу гарсан даруйд ойрын хавьтлыг илрүүлж, тархалтын гинжин хэлхээг өргөн цар хүрээтэй илрүүлэх тандалтын багуудыг зохион байгуулсан байна. Хамгийн гол нь тус улсад тандалт судалгааг амжилттай хэрэгжүүлэх хууль эрх зүйн боловсронгуй орчин аль хэдийн бүрдсэн байсан нь мөн л 2015 оны “MERS”-ийн тархалтаас сургамж авсан явдал аж. Өмнөд Солонгосын эрх баригчид “MERS”-ийн дараа Халдварт өвчний үед зориулсан хууль баталсан нь халдвар авсан иргэдийг тодорхойлох хувийн мэдээллийг бус зөвхөн нас, хүйс, аль байршлын ойролцоо байсан, хамгийн сүүлд хаагуур зорчсон зэрэг ерөнхий мэдээллийн дагуу технологийн тусламжтай нийгэмд сэрэмжлүүлэг өгөх нэгдсэн мэдээлэл өгөх давуу талыг олгосон байна. Өөрөөр хэлбэл иргэдийн оршин суудаг газрын ойролцоо халдвар илрэх бүрд тухайн тохиолдолтой холбоотой мэдээлэл иргэдийн гар утсанд сануулга хэлбэрээр очих юм. Тухайлбал, Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн байгууллагын зүгээс “coronamap.site”, “Corona Map”, “Corona 100m” зэрэг платформуудыг хөгжүүлсэн байна. Иргэдийн зорчсон газар бүрийг Засгийн газраас ийнхүү мөрдөх нь Ардчилсан улсад нэг талдаа хүний эрхийг зөрчсөн явдал юм. Тиймээс Өмнөд Солонгосын олон иргэн энэхүү үйл ажиллагааг эсэргүүцэж эхэлсэн байна. Харин эрх баригчдын зүгээс ард түмэндээ хандан нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө түр хугацаанд хүлцэнгүй хандахыг уриалжээ.

Эцэст нь энэ бүх арга хэмжээ нь Өмнөд Солонгосын эрх баригчдад заавал хатуу хөл хорио тогтоож, эдийн засгаа бүхэлд нь зогсонги байдалд оруулахгүй байх давуу талыг олгожээ. Өнөөдрийн байдлаар тус улс коронавирустай тэмцэх дайнд ялж яваа боловч эрсдэл дахин үүсгэхгүй байх тал дээр онцгой анхаарч байна.  Доктор Ким Ву Жогийн хэлснээр яг одоо тус улс коронавирусийн хоёр дахь давлагаанаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Тэрээр хэдийн Өмнөд Солонгосын иргэдийг харахад бүх зүйл хэвийн мэт харагдаж байгаа боловч мэргэжилтнүүд өдөр бүр дайны нөхцөл байдалд бэлтгэлтэй ажиллаж байгааг цохон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: VOX, CNN, Worldometers.info 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу