Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компанийн зүгээс Тавантолгойн цахилгаан станц (ТТЦС)-ын ТЭЗҮ-г Монгол Улсын Засгийн газарт өргөн барьсан талаар даваа гаригт мэдээллээ.

Оюутолгойн ХХК-ийн зүгээс хямд өртөг, өрсөлдөх чадвар бүхий ТТЦС-ыг бүтээн байгуулах оновчтой шийдлийг боловсруулах ажилд томоохон ахиц дэвшил гаргасан бөгөөд инженер, хангамж, барилгын ажлын гэрээг бусад талуудтай хэлцэж гарын үсэг зурахад бэлэн болсон байна. Одоогоор ТТЦС-ын хоёр хэсгийг 2024 оны зургадугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд барихаар төлөвлөгдсөн ТТЦС нүүрсний цахилгаан станцыг барьж, байгуулах төслийн нийт өртгийг 924 сая ам.доллар гэж тооцоолж байгаа ч эцсийн дүн хараахан тодорхой болоогүй байгааг албан бичигтээ дурдсан байна. Учир нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Засгийн газрын хураамж болон лиценз, зарим нөхөн төлбөрийг тооцох зэрэг ажлууд хүлээгдэж байгаа аж.

Энэ талаар Туркойз Хилл Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Ульф Квеллманн “Урт хугацаанд найдвартай, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй болох нь Оюутолгойн үйлдвэрлэл, гүний уурхайн бүтээн байгуулалтыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Бид Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангах шийдлийн давуу талыг тодорхойлох тал дээр бүх оролцогч талуудын нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинтотой үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэсэн юм.

Оюутолгой ХХК нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгойн уурхайд ашиглах эрчим хүчийг урт хугацаандаа дотоодын эх үүсвэрээр хангах үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд 2018 оны 12-р сарын 31-нд Оюутолгой ХХК болон Монгол Улсын Засгийн газрын хооронд оюутолгойн уурхайг эрчим хүчээр хангах Тавантолгойн цахилгаан станцыг барьж, байгуулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-г байгуулж байв. Уг гэрээнд 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцын барилгын ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд эхлүүлж, 2023 оны зургадугаар сарын 30 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан юм.

Оюутолгой нь одоогоор БНХАУ-ын төрийн өмчит “Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ” болон “Өвөр Монголын Цахилгаан эрчим хүчний компани”-тай байгуулсан эрчим хүч импортлох гэрээний дагуу Өвөр Монголын цахилгаан дамжуулах баруун шугамаас цахилгаан эрчим хүчээ хангаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу