​А.Амбасэлмаа: Хаанаас ч халдвар илрэх эрсдэлтэй нөхцөл үүссэн гэдгийг ард иргэд сайтар ойлго

62

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ын мэргэжилтэн Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ачтан эмнэлгийн голомтыг тогтоосон уу. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод эх үүсвэр нь тогтоогдоогүй хэдэн голомт бүртгэгдээд байна вэ?

-А.Амбасэлмаа: Ачтан эмнэлгийн голомтыг судалж байна, нэлээд өргөн хүрээтэй байна. Шинжилгээнүүдийн хариу бүрэн гараагүй, үргэлжлүүлэн тандалт хийж байна. Эмнэлгийн байгууллага учраас тэнд үйлчлүүлсэн хүмүүсийг тандан судалж, хэд хэдэн сэжүүр байна. Илүү сайн нягталж, шинжилгээний хариу гарсны дараа мэдээлэх болно. Улаанбаатар хотод эх уурхай нь тодорхойгүй 2-3 голомт байна гэж өмнө зарлаж байсан. Бид Мөнххада компанид халдвар бүртгэгдсэнээс хойш тэднээс батлагдсан тохиолдол 17 болсон. Энэ хүмүүсийн голомтыг мөн тогтоох ажил хийгдэж байна. Мөн нэг гэр бүлийн голомт байсан, тэрний эх уурхайг тогтоогдсон.

-Ачтан эмнэлгийн батлагдсан тохиолдол бусад аймаг сум руу явсан мэдээлэл гараад байна. Энэ тал дээр тайлбар өгнө үү?

-Ачтан эмнэлгээр үйлчлүүлээд гарсан хүмүүсээс 2-3 аймагт очсон хүмүүс байгаа. Тиймээс арванхоёрдугаар сарын 15-28-ны хооронд эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг хяналтад авахыг бүх эрүүл мэндийн төв, байгууллагуудад мэдээлэл өгч байна. Тухайн аймаг орон нутаг очсон иргэдийн байгаа газар нь 14 хоног тусгаардлаж, шинжилгээ авна.

2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд өөрийн амьдарч байгаа дүүрэг хорооны шинжилгээ авах цэгт очиж, шинжилгээ өгөхийг хүслээ. Арванхоёрдугаар сарын 20-ноос хойш эмнэлэгт хэвтэж байсан 14 хүн байгаа. Эмнэлгээр үйлчлүүлсэн, тусламж авсан хүмүүс өөрсдийгөө 14 хоног хянах, гадуур явахгүй байхыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

-Гэмтэл согог судлалтын үндэсний төв болон Баянгол дүүргийн шинэ долдугаар төвд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Дээр дурдсан эмнэлгийн байгууллага дээр Ачтан эмнэлгийн эмч нар очиж үйлчилгээ явуулсан учраас тус эмнэлгүүдийг хавьтал гэж үзээд тодорхой эмч, ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан. Энэ бол урьдчилан сэргийлэх зөв үйл ажиллагаа. Одоогоор эдгээр эмнэлгийн шинжилгээнд хамруулсан хүмүүсээс коронавирус илрээгүй байна. Тухайн очиж үйлчилсэн эмчийн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан, гэхдээ хоёр, гураь дахь шинжилгээгээр эцэслэх учиртай.

Цаашдаа Улаанбаатар хотод шалтгаан, эх үүсвэр тодорхойгүй халдвар гарна. Том, том голомтууд гарч, олон хавьтал хүн амын дунд явж байгаа учраас нийтийн дундаас халдвар гарах нь тодорхой. Тиймээс ард иргэд өгсөн зөвлөмжийг ягштал хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөвлөмжийг үл хайхарч, 2-3-уулаа нийлж баяр тэмдэглэх, нэг нэгнийдээ цугларах, бөөгнөрч байгаагаас эх уурхай нь тодорхойгүй халдвар гарч байна. Бид аль болох эх уурхайг нь тогтоохын төлөө ажиллаж байна, тогтоох ч болно. Халдвар асван хүнээс халдвар дамжиж байгаа шүү дээ. Гэхдээ хаана ч халдвар гарах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэдгийг ард иргэд сайтар ойлгож, онцгой анхаарах хэрэгтэй.

-Засгийн газраас нэгдүгээр сарын 11-нээс хөл хориог сулруулна гэдгээ хэлсэн. Гэхдээ 11 хүртэл халдварыг хумих бололцоо хэр байна вэ?

-Д.Нарангэлэл: Цар тахалтай нүүр тулаад жил гаруй болж байна. Дэлхийн нийтээр цар тахалтай тэмцэх гурван л үндсэн аргыг авч хэрэгжүүлж байгаа. Нэгд, хөдөлгөөнийг хязгаарлах буюу хөл хорих. Улс орон бүр тархвар судлалын байдал, хүн амын онцлогоос хамаарч хугацааны хувьд өөр, өөр байгаа. Хоёрт, өвчтэй хүнийг илрүүлэх, хавьтлуудыг тодорхойлох, тусгаарлах, эмчлэх арга. Гуравт, ард нийтээрээ амны хаалт зүүж, зай барьж, хувийн ариун цэврийг сайтар сахиж, амьдралын шинэ хэв маягт шилжээд байна. Улаанбаатар хотод хатуу хөл хорионы хугацаа тав хоногийн дараа дуусна. Эмч, тархвар судлаач хүний хувь арай илүү олон  хоногоор хөл хориог тавих нь үр дүнтэй гэсэн хувийн бодол байна. Гэхдээ ард түмний амьдрал ахуйтай холбоотойгоор богино хугацааны шийдвэр гаргасан байх. Энэ богино хугацаанд бүх голомтыг хумих боломжгүй. Тиймээс ард иргэд эрүүл мэндийн байгууллагатайгаа хамтарч ажиллаж, өгч байгаа зөвлөмжийг дагах хэрэгтэй. Зөвхөн төр засгийн шийдвэр, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа дангаараа цар тахлын өмнө хүчин мөхөсдөнө.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу