“Нийгмийн хүнд хэцүү цагт сонсогчдод жаахан ч гэсэн тайвшрал, амар амгаланг мэдрүүлэх нь миний чин хүсэл” хэмээн ярих түүний урлагийн ертөнцийн тухай эргэцүүлэл болоод гэр бүлийн халуун дулаан ертөнцөд уншигч та бүхнийг урьж байна.

“Шидэт дохиур” бариад симфони оркестр гарын аясаар удирдах тэрээр энгийн бас эрхэмсэг нэгэн юм билээ. Ингээд Монгол Улсын Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхантай уулзаж ярилцсанаа толилуулъя.

Дэлгэрсайханы Түвшинсайхан 1975 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд мэндэлжээ. Аав Дэлгэрсайхан Цагдаагийн академи, ээж Мягмарсүрэн Төмөр замын техникумын “Холбооны анги”-ийг дүүргэжээ. Ингээд Дундговь аймгийн Гурвансайхан суманд томилолтоор ажиллах үеэрээ танилцан гэр бүл болж, таван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн аж.

Tuwshinsaikhan
Монгол Улсын Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Хөгжмийн зохиолч Б.Түвшинсайхан гэргий Б.Энхцэцэгийн хамт

Том хүү Д.Гурвансайхан. Нутаг усандаа алдартай, домог мэт ярианы эзэн болсон хүн бий. Гандантэгчинлэн хийдэд шавилан сууж түвд, дөрвөлжин монгол гээд бичгийн төрлүүдийг бүгдийг судалжээ. Удаах дүү СТА, Уртын дуучин Жавхаасайхан. Монголын язгуур урлагт өөрийн гэсэн орон зайгаа тодоор үлдээж яваа ах дүү хоёрын нэг нь хөгжмийн найруулагч, нөгөө нь уртын дууч. “Эр бор харцага”-ыг эр хийморьтойхон дуулдаг Д.Жавхаасайхныг нийтийн дууны Юндэн хэмээдэг юм. Хөдөө нутгаас хөтлөлцөн ирж, бор зүрхээрээ, авьяасаараа урлагийн ертөнцөд орон зайгаа тэлж яваа ах дүүс юм. Удаах хоёр дүүг Д.Цогжавхлант, Д.Золзаяа гэнэ.

~Театр бол зургаан мэдрэхүйн төв~

Ах дүү олонтой айлын хүүхдүүд хэзээд эв найртай, хүүхэд бүхэн өөрийн онцлог шинж чанартай байдаг. Д.Түвшинсайхан зан байдлын хувьд их шаралхуу хүү байсан гэнэ лээ. Бусдыг аргацаах, хуурна гэсэн ойлголт байхгүй, өөрийгөө ихэд махалж, дайчилж чаддаг хүү байжээ. Д.Түвшинсайхан 1988 онд Улаанбаатар хотод хөл тавин, тэр үеийн Хөгжим бүжгийн дунд сургуульд /ХБК/ элсэн суралцаж, 1994 онд төгссөн юм. 1993 онд Морин хуурын чуулгыг байгуулалцаж, өдий хүртэл ажиллаж буй.

Хуурын дөрвөлийг нэгтгэсэн нь түүний шинийг эрэлхийлэгч зангын илрэл 

Тэрээр “Чөлүгэн” нэртэй морин хуурын дөрвөлийн хоёр дахь бүрэлдэхүүнийг анхлан байгуулж, түүний зохиолын бүрдүүлэлт, урын санг сайжруулан баяжуулах ажилд арваад жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан юм. Морин хуурын дөрвөл хэмээх бүрэлдэхүүнийг хөл дээр нь босгож, биеэ даасан хэмжээнд хүргэсэн нь Д.Түвшинсайхан удирдаачийн шинийг эрэлхийлэгч зангийнх нь илрэл. Өөрийн сэтгэл оюун, чадамжаар мэдэрсэн гайхалтай зүйлсийг эргээд үзэгч сонсогчдод мэдрүүлж, удирдан чиглүүлж илэрхийлнэ гэдэг хэн хүний хийдэг амар хялбар ажил биш юм.

Чуулга гэдэг бол багын спорт

Д.Түвшинсайхан “Урлагийнхан өөрсдөө сэтгэлгээний ядуурлаас гарах хэрэгтэй.
“Би аливааг эргэцүүлэн бодох дуртай. Нийгэмд тулгамдсан асуудал үй түмээрээ байгаа өнөө цагт эргэцүүлэх асуудал бүр ч их болох юм. Би урлагийг агуу шинжлэх ухаан гэж боддог. Үзэгчид нүдээ анин хөгжмийн аялгуу сонсож суухдаа өдрийн ажлын ачааллаа тайлж, тайвшралыг олоосой гэж хүсч байна. Зах зээлийн эдийн засаг, чөлөөт нийгэмд шилжих үеэр уран бүтээлчид бид л сонсогчдоо сэтгэлгээний хувьд ядуу болгочихсон шиг байгаа юм. Сонсогчдодоо зөвхөн дуу л сонсгоод байж.

Тэр ч байтугай тоглолтод нь ирвэл тийм ч бэлэг, ийм ч сюрприз өгнө гэж амлаад. Дууны шүлгээ хүртэл ямар ч логикгүй бичих жишээтэй. Нэг үеэ бодвол залуучууд морин хуурыг ойлгодог бас сонирхдог болж, мэргэжлийн урлагийг үнэлдэг сонсогчдын хүрээ ч бий болж. Театрт хэзээ ч олшруулсан бичлэг тавьж, үзэгчдийг хуурдаггүй. Үзэгчид нь ч сэтгэл зүйгээ, хувцсаа бэлдээд, тэр сонгодог орчинд нь бүтээлүүдийг үзэж, сонсож, зургаан мэдрэхүйгээ цогцоор нь ажиллуулдаг шүү дээ.  Спорттой зүйрлэвэл Морин хуурын чуулга гэдэг багийн спорт. Энд хэн нэг нь нөгөөхөөсөө илүү гарч, өрсөлдөх гэсэн асуудал байхгүй” хэмээсэн юм.

Зориг гаргасан анхны болзоо

Гэргий Баасанжавын Энхцэцэг. Улаанбаатар хотын унаган хүүхэд. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг “Монгол хэл, уран зохиолын багш” мэргэжлээр суралцан төгссөн. Мөн Япон улсад их сургууль,Удирдлагын академийг тус тус суралцаж төгсжээ. Гэр бүлийн хоёр 1995 оны өвөл урлагийн үзлэг бэлтгэх зуураа танилцжээ.

Udirdaach-Tuwshinsaihan
Б.Түвшинсайхан бага хүү Т.Эрхэмбилэгийн хамт

Түвшинсайхан хэдийгээр бүрэг ичимхий нь дэндсэн байсан ч эр хүн байна даа зориг гарган таалагдсан охиноо гэрт нь дөхүүлж өгчээ. Ийнхүү эхэлсэн хайрын түүх дурсамж дүүрэн олон хаврыг ардаа үлдээж, 1996 онд гэр бүлийн амьдралаа эхлүүлсэн гэдэг. Өдгөө гурван сайхан хүүхдийн эцэг эх болон аз жаргалаар дүүрэн амьдарч байгаа юм.
Д.Түвшинсайхан амралт чөлөөт цаг хомс хэдий ч аль болох гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг. Чөлөөт цаг гарах л юм бол эхнэр хүүхдүүдтэйгээ гэртээ бужигналдах дуртай.

Гэр бүлийн үнэ цэнийн тухайд… /Д.Түвшинсайхан/

Би хааяахан аавдаа их гомддог юм. Яагаад энэ олон хүүхдүүдээ нялхаар нь орхиод одов оо гэж. Миний аав 48 насандаа бурхан болж, ээж дүүгийн хамт амьдралын хатууг бишгүйдээ л амсаж өссөн. Хэдэн дүү нартаа аавын оронд аав нь болж, сургууль соёлд нь суралцуулж өөрийн чадах чинээгээр л хүмүүжүүлсэн гэж боддог. Манайх дөрвөн хүү, нэг охинтой айл. Ганц охин дүүгийнхээ нүдэнд гуниг суулгачихгүй юмсан гэж их боддог байлаа. Одоо ч энэ хэдийн маань амьдрал тэгширч, бүгд өөр өөрсдийн сонгосон замаар сайхан амьдарч байна. Хүний амьдралд зовлон жаргал үргэлж хослон байдаг. Хүн хүнийхээ төлөө амьдрах ёстой юм.

Б.Хонгорсайхан

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу